Монгол Улсын нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмрээр “Оюу толгой” компани ТОП-100 жагсаалтыг дөрөв дэх жилдээ тэргүүллээ.

Хөгжил дэвшлийг хамтдаа бүтээлцэж буй нийт 17,000 гаруй оюутолгойчууд, ханган нийлүүлэгч компаниуд болон ТОП-100 аж ахуйн нэгжүүддээ халуун баяр хүргэе!
Шагнал гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, “Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгж гэдэг бол зүгээр нэг нэрсийн жагсаалт биш. Энэ бол 100 хариуцлага, 100 бахархал, Монголын хөгжлийн 100 хөдөлгүүр юм.
Энх цагийн хамгийн эх оронч үйл хэрэг бол ажиллаж, хөдөлмөрлөж, баялаг бүтээж, татвараа шударгаар төлж, улс орныхоо ирээдүйг бүтээлцэх явдал юм. Эх орны хөгжил та бүхний татварын тайлан дээр, шинэ төслийн тооцоолол дээр, ажилтнуудын цалингийн хуудсан дээр, үйлдвэр, уурхай, барилга, үйлчилгээний талбар дээр өдөр бүр бодитоор бүтээгдэж байна” хэмээн онцоллоо.
2025 онд “Оюу толгой” компани нийт 2.34 их наяд төгрөгийг татвар, хураамж болон бусад төлбөрт төлсөн нь Монгол Улсын нэгдсэн төсвийн татварын орлогын ойролцоогоор 9 хувийг бүрдүүлсэн байна.
Өнгөрөгч онд үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, бусад хамтын ажиллагаа, төсөвт төлсөн татвар, хураамж болон үндсэн ажилчдын цалинд өнгөрөгч онд нийт 8.4 их наяд төгрөг зарцуулсан нь өдөр бүр 23 тэрбум төгрөгийг Монгол Улсын эдийн засгийн эргэлтэд оруулсан гэсэн үг юм.
Судалгаа, зөвлөх үйлчилгээний MMCG компанийн “Монгол Улсын эдийн засаг, нийгэмд ‘Оюу толгой’ компанийн оруулж буй хувь нэмэр” бие даасан судалгааны тайлангаас харахад, хэрэв Оюу толгой байгаагүй бол 2015–2022 онд буюу найман жилийн хугацаанд эдийн засгийн өсөлт жил бүр сөрөг (-) гарах байсан байна. Энэ хугацаанд Оюу толгойгоос хамаарах эдийн засгийн өсөлт жилд дунджаар 12.1 хувь байж, Монгол Улсын эдийн засаг жилд дунджаар 3.1 хувиар өсжээ.
Оюу толгойн чадварлаг хамт олон 2025 онд гүний уурхайн өндөр агууламжтай хүдрийг боловсруулах, металл ялгалтыг сайжруулах зорилготой баяжуулах үйлдвэрийн тохируулгын төслийг амжилттай хэрэгжүүллээ. Мөн Монголд анх удаа гүний уурхайгаас газрын гадарга руу хүдэр тээвэрлэх туузан дамжуургыг ашиглалтад оруулсан. Эдгээр бүтээн байгуулалт нь Оюу толгойг дэлхийд тэргүүлэх зэсийн уурхайн нэг болоход чухал хувь нэмэр оруулах юм.
Зөвхөн уурхайн үйл ажиллагаа, татвар, хураамжаас гадна олон салбарт хувь нэмрээ оруулж байгаагаас дурдвал:
• Боловсрол, түүх, өв соёл, дэд бүтэц зэрэг чиглэлд орон нутгийн тогтвортой хөгжлийн төслүүдэд 2011 оноос хойш нийт 482.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ.
• 2010 оноос хойш улсын хэмжээнд 2,323 оюутанд гадаад болон дотоодын боловсролын тэтгэлэг олгон, 1,617 оюутан сурагч манай Шинэ төгсөгчийн хөтөлбөр, Дадлагын болон Дадлагажигч хөтөлбөр, ажил, хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөрт хамрагдсанаар боловсролтой, чадварлаг ирээдүйн боловсон хүчин бэлтгэхэд хувь нэмэр оруулжээ.
• Нэг тонн хүдэр боловсруулахад ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг олон улсын уурхайнуудаас дунджаар 3 дахин бага ус зарцуулж байна. Үйлдвэрлэлийн усны дахин ашиглалт дунджаар 86.7% байна. Ус ашигласны төлбөрт 2013 оноос 2025 оны эцсийн байдлаар нийт 218 тэрбум төгрөг төллөө.
• “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийн хүрээнд 2025 оны эцсийн байдлаар 36.4 сая гаруй модыг шууд болон дүйцүүлэх байдлаар тарьж ургуулаад байна. 2026 оны сүүл гэхэд энэ тоо 45-50 сая болно. “Оюу толгой” компани уурхайн цогцолбороороо хязгаарлагдахгүй Монгол орны өнцөг булан бүрд эерэг нөлөөллийг бий болгож байна.
*Монгол Улсын эдийн засаг, нийгэмд “Оюу толгой” компанийн оруулж буй хувь нэмэр судалгаа
https://mmcg.mn/wp-content/uploads/2026/04/02_OT-Impact-Report-MNG.pdf





