Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйл. Хүчиндэх
Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Энэ гэмт хэргийг бүлэглэж, хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Энэ төрлийн гэмт хэрэгт дэлхийн ихэнх улс хамгийн хатуу ял оноодог. Улс бүрийн хууль өөр ч, хүүхэд болон эмэгтэйчүүдийг хүчиндэхийг онц хүнд гэмт хэрэг гэж үздэг нь нийтлэг.
АНУ-д хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэгт 25 жилээс бүх насаар хорих ял оноох бөгөөд олон мужид батлан даалтгүй хорьдог. Давтан, бүлэглэсэн, онц хэрцгий тохиолдолд бүх насаар хорих ял, зарим мужид албадан химийн кастраци хийдэг. Мөн суллагдсаны дараа насан турш бэлгийн гэмт хэрэгтний бүртгэлд орж, сургууль, цэцэрлэгийн орчимд амьдрахыг хориглодог.
Их Британид хүүхэд хүчирхийлсэн этгээдэд бүх насаар хорих ял оногдуулах боломжтой. Эмэгтэйг хүчиндсэн хэрэгт мөн амьдралын турш хорих ял оноож болох бөгөөд шүүх сэтгэлзүйн гэмтлийг хүнд нөхцөл гэж үзэж, нийгэмд дахин аюул учруулна гэж дүгнэвэл суллахгүй.
Германд хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд 5–15 жилийн хорих ял, хүндрүүлэх нөхцөлтэй бол бүх насаар хорих ял оноодог. Давтан үйлдэл гаргавал шоронгийн ялтай хамт сэтгэцийн албадан эмчилгээ хийдэг.
Франц улсад 15-аас доош насны хүүхдийг хүчиндвэл 20–30 жилийн хорих ял оногдуулах бөгөөд бүлэглэсэн, амь насанд аюул учруулсан тохиолдолд бүх насаар хорих ял шийтгэдэг.
Японд хүүхэд болон эмэгтэйг хүчиндсэн хэрэгт 5–20 жилийн хорих ял оноодог бөгөөд хүүхдийн эсрэг гэмт хэрэгт ялыг хатууруулж, нууцлах, эвлэрэх ойлголтыг хүлээн зөвшөөрдөггүй.
Швед улсад зөвшөөрөлгүй бэлгийн харьцааг хүчинд тооцдог. Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд 8–18 жилийн хорих ял, зарим тохиолдолд бүх насаар хорих ял оноодог.
Харин Саудын Арабт хүүхэд болон эмэгтэйг хүчиндсэн гэмт хэрэгт цаазын ял хүртэл оногдуулах хууль эрх зүйн боломжтой аж.






