Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат энэ сарын 3-ны өдрөөс эхлэн ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат хоёр орны дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойн арга хэмжээнд Монгол Улсын төлөөлөгчдийн хамт оролцсоноос гадна, ОХУ-ын Хөдөө аж ахуйн орлогч сайд М.В.Маркович, Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны асуудал хариуцсан сайд А.А.Слепнёв нартай албан уулзалт хийлээ. Уулзалтаар худалдааны хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, махны экспорт болон мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагааны асуудлуудыг нарийвчлан хэлэлцэв.



Оросын Холбооны Улсын Хөдөө аж ахуйн орлогч сайд М.В.Марковичтэй хийсэн уулзалтын үеэр Монгол, Оросын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны хүрээнд шүлхийн вакциныг ОХУ-ын «ВНИИЗЖ»-тэй хамтран Монгол Улсын Биокомбинат ТӨХХК-д үйлдвэрлэх асуудлыг тавьж, санал солилцлоо.
Мөн хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр ОХУ-аас Монголын мах, махан бүтээгдэхүүний импортод тогтоосон түр хязгаарлалтыг эргэн харах, мал, амьтны гаралтай бүтээгдэхүүнийг Оросын нутгаар дамжин өнгөрүүлэх зөвшөөрлийг «Аргус» цахим системээр шуурхай зохицуулах асуудлыг хэлэлцэв. Үүнээс гадна талууд 1993 онд байгуулсан ургамал хамгаалал, хорио цээрийн салбарын хамтын ажиллагааны хэлэлцээрийг шинэчлэх, үр тариа, тосны болон тэжээлийн таримлын үр үржүүлэг, хөрсний судалгаа, усалгаатай газар тариаланг хөгжүүлэх, мэргэжилтэн бэлтгэх, түүнчлэн ОХУ-аас хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж худалдан авах хамтын ажиллагааг сэргээх асуудлаар хэлэлцэж, харилцан санал нэгдэв.
Худалдааны түр хэлэлцээрийг бодит экспорт болгоход анхаарна
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат энэ сарын 6-ны өдөр Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны асуудал хариуцсан сайд А.А.Слепнёвтой албан уулзалт хийв. Уулзалтын үеэр Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо (ЕЭЗХ) хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийн хэрэгжилтийн явцыг танилцууллаа.

Тус хэлэлцээрийн хүрээнд хөнгөн үйлдвэрийн 264 нэр төрлийн бүтээгдэхүүнийг татварын хөнгөлөлттэйгөөр экспортлох боломж бүрдсэн. Үүнээс 112 нэр төрлийг Монгол Улсад үйлдвэрлэх боломжтой, ялангуяа ноос, ноолуурын нэхмэл, сүлжмэлийн салбарын экспортыг нэмэгдүүлэх өргөн боломж нээгдэнэ гэж үзэж байгаа. Хүнсний салбарын 74 нэр төрлийн бүтээгдэхүүн тарифын хөнгөлөлтөд хамрагдсан боловч хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш цөөн төрлийн бүтээгдэхүүн экспортод гарч байгааг тэмдэглэв.

Түүнчлэн тарифын хөнгөлөлтийг бодит экспорт болгон хувиргахад малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний хорио цээр, стандарт, лаборатори, үйлдвэрлэлийн хүчин чадал, логистик болон зах зээлийн бэлэн байдал зэрэг нь нөлөөлж буйг дурдаж, худалдааг өргөжүүлэхэд анхаарч шийдвэрлэвэл зохих дараах асуудлуудыг дэвшүүллээ.
Үүнд, малын өвчинтэй холбоотой импортын хязгаарлалтыг хөнгөлөх, мал эмнэлэг, хорио цээрийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, гишүүн орнуудын нутгаар дамжин өнгөрөх тээвэрт гарч буй саатлыг шийдвэрлэхэд комиссын зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Мөн транзит зөвшөөрлийг гишүүн орнууд харилцан хүлээн зөвшөөрөх, мэдээллийг шуурхай солилцох зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатайг ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат онцлон тэмдэглэв.





