Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орох нөхцөл бүрдэж, хоёр сайд албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргахаар болжээ. Тодруулбал, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн болон Боловсролын сайд П.Наранбаяр нар 2026 оны гуравдугаар сарын 16-ны өдөр огцрох өргөдлөө Ерөнхий сайдад хүргүүлэхээр болсон талаар эх сурвалж мэдээллээ.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хувьд салбарынхаа зарим асуудалтай холбоотойгоор хариуцлага хүлээх нөхцөл үүссэн гэж үзэж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар энэ оны нэгдүгээр сарын 24-нд эрчим хүчний салбарын байгууллагуудад ажиллах үеэрээ “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-д үүссэн хүндрэл, доголдлыг богино хугацаанд шийдвэрлэх үүргийг түүнд өгч байсан юм. Тухайн үед асуудлыг нэг сарын дотор шийдвэрлэхгүй бол хариуцлага тооцохоо ч анхааруулж байв.
Харин Боловсролын сайд П.Наранбаярын тухайд томилогдсоноосоо хойш олон нийтийн дунд маргаан, шүүмжлэл дагуулсан асуудлуудтай нүүр тулсан. ХҮН намаас томилогдсон түүний хувьд өнгөрсөн оны есдүгээр сард Монголын багш нарын үйлдвэрчний хорооноос огцруулах шаардлагыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлж байсан удаатай. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд дээрэлхэлт нэмэгдэж, энэ асуудал олон нийтийн сүлжээнд идэвхтэй хэлэлцэгдсээр байгаа нь салбарын бодлого, удирдлагатай холбоотой шүүмжлэл дагуулах болсон.






