Махны үнийг биш, иргэдийнхээ орлогыг өсгө.
Манай төр нэг л сонин аргатай. Үнэ өсөхөөр зах руу гүйнэ. Мах үнэтэй болохоор нөөцийн мах гаргана. Үнэ буурахгүй болохоор татаас өгнө.
Гэтэл энэ бүхний дунд хамгийн энгийн асуулт хариултгүй үлддэг. Яагаад бид дандаа үнийг хүчээр буулгах гэж оролддог юм бэ? Яагаад хүмүүсийнхээ орлогыг өсгөх тухай хамгийн сүүлд ярьдаг юм бэ?
Уг нь хөгжилтэй улс оронд хүн дэлгүүр ороод махны үнэ хараад амьдралаараа сүйрдэггүй. Учир нь орлого нь өсчихсөн байдаг. Цалин нь амьдралдаа хүрдэг.Тэтгэвэр нь эм, хоол хоёрынхоо дунд сонголт хийх хэмжээнд очдоггүй.
Харин манайд бол махны үнэ өсөхөөр бүхэл бүтэн улс төрийн драм эхэлдэг. Нөөцийн мах “алга болно”. Шалгалт орно. Дарга нар хоорондоо муудалцана. Сошиал даяараа мах ярьж эхэлнэ. Гэтэл үнэндээ хүмүүсийн бухимдаад байгаа зүйл мах биш. Өдөр хоногоо арайхийж болгож байгаа амьдрал.
48 мянган төгрөгийн махнаас айгаад байгаа юм биш. 480 мянгын цалинтай амьдралаас айгаад байгаа хэрэг, яг үнэндээ.
Өнөөдөр иргэд “Махаа хямдруулаач” гэж гуйгаагүй. Харин хөдөлмөрлөсөн хүн шиг амьдрах боломж өгөөч гэж хүсч байна.
Хэрвээ орлого нь хангалттай байсан бол мах хэд байхаас үл хамаараад хүмүүс аваад идчихнэ. Хүүхдэдээ жимс авч өгнө. Эмээ цагт нь авна. Түрээсээ төлнө.
Гэтэл бид асуудлын уг үндсийг биш, үнийг л “дарж” сурчээ. Үнэ хүчээр дарсан улс орнуудын түүх эцэстээ хомсдол, далд худалдаа, чанаргүй бараа, татаасын авлига, хэн нэгний баяжих схем болж дуусдаг.
Харин жинхэнэ хөгжил гэдэг нь иргэд нь дэлгүүр ороод үнийн шоконд орохгүй байхыг хэлдэг. Эцсийн эцэст хүмүүсийн хүсээд байгаа зүйл хямд мах биш. Харин үнэтэй болсон ч аваад идчихдэг орлого юм.






