ШУУРХАЙ МЭДЭЭ:

Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томиллоо

Улс төр

Соёлынхон, жолооч нартай уулзсан Ерөнхийлөгч ахмадуудаа хэзээ сонсох вэ?

Соёлынхон, жолооч нартай уулзсан Ерөнхийлөгч ахмадуудаа хэзээ сонсох вэ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сүүлийн үед бараг өдөр бүр шахуу янз бүрийн салбарын төлөөллүүдийг Төрийн ордондоо хүлээн авч уулзаж байна. Энэ долоо хоногт л гэхэд соёл, урлагийн салбарынхан, санхүүгийн байгууллагын төлөөлөл, такси үйлчилгээ эрхлэгчидтэй хүртэл уулзаж, тэдний санал хүсэлт, тулгамдсан асуудлыг сонслоо. 

Мэдээж салбар бүрийн асуудал чухал. Гэхдээ энэ бүх уулзалтын дунд нэг л бүлэг хүмүүс үргэлж гадна үлдэж байх шиг. Тэр нь ахмадууд. Өнөөдөр Монголд хамгийн их тэвчиж, хамгийн бага гомдоллож, хамгийн чимээгүй зовж байгаа хүмүүс бол ахмадууд болоод байна. Тэд сошиал дээр лайв хийж чаддаггүй. Тренд үүсгэж чаддаггүй. Уурласан бухимдлаа TikTok болгож тараадаггүй. Зүгээр л сар бүрийн тэтгэврээ хүлээж, хэдэн төгрөгөө эмэндээ өгөх үү, хоолондоо зарцуулах уу гэж дотроо тооцоолж суудаг хүмүүс.

Өглөө эрт зах дээр очиж хямд мах хайдаг хүмүүс нь ахмадууд. Эмийн сангийн үүдэнд хамгийн урт дугаарлаж зогсдог нь ахмадууд. Автобусанд чимээгүйхэн сууж яваа тэр хөгшчүүл энэ улсад хамгийн бага ярьдаг мөртлөө хамгийн их зүйл алдсан үеийнхэн.

Тэд залуудаа улс орноо босголцсон. Өвөл зуух галлаж, үйлдвэрт шөнөөр ажиллаж, барилга дээр цемент зөөж, эмнэлэг, сургууль, зам тавьж, өнөөдрийн Монголын суурийг бүтээлцсэн хүмүүс.

Гэтэл өнөөдөр тэдний амьдралын хамгийн том асуудал нь энэ сарын тэтгэвэр дараагийн сарынхаа 1-нийг хүрэх үү гэдэг асуулт болчихоод байна. Махны үнэ өсөхөд хамгийн түрүүнд цохилтод ордог хүмүүс нь ахмадууд. Эмийн үнэ нэмэгдэхэд хамгийн их айдаг нь ахмадууд. Цахилгаан, дулааны төлбөр өсөхөд хамгийн түрүүнд хэмнэж эхэлдэг нь бас л ахмадууд.

Гэтэл тэд бүтэн жилийн турш тэтгэврээ нэмүүлэхийг шаардаж байгаа ч одоо хүртэл бодитой шийдэл сонссонгүй. Жагссан. Шаардлага хүргүүлсэн. Хэвлэлд өчнөөн ярьсан. Гэхдээ тэдний дуу хоолой улс төрийн шуугиан, дарга нарын пиарын дунд дарагдсаар байна.

Тиймээс Ерөнхийлөгч дараагийн удаа хэнийг хүлээж авч уулзах вэ гэдэг нь улс төрийн PR биш, харин энэ нийгэм ахмад үеээ үнэхээр хүндэлдэг үү гэдгийн хариулт болж үлдэх байх.

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна