Шатахууны үнийн зөвлөл хуралдаагүй байхад зарим шатахуун нийлүүлэгч аж ахуйн нэгж АИ-92 бензиний үнийг 200 төгрөгөөр нэмэгдүүлж эхэлжээ.
Тодруулбал, “Шунхлай”, “ТЭС” компаниуд АИ-92 бензиний литрийн үнийг 200 төгрөгөөр нэмэгдүүлж, 3040 төгрөгт хүргэсэн байна.
Шатахууны импортлогч аж ахуйн нэгжүүдийн зүгээс үнэ нэмэх шалтгаанаа ОХУ-аас нийлүүлж буй шатахууны суурь үнэ өссөнтэй холбон тайлбарлаж байгаа аж. Тухайлбал, ОХУ наймдугаар сарын 1-нээс АИ-92 бензиний нэг тонн тутмын үнийг 851 ам.доллар болгон нэмэгдүүлсэн байна.
Гэхдээ одоогоор шатахууны үнийн зөвлөл хуралдаагүй бөгөөд үнэ нэмэх талаар эцсийн шийдвэр гараагүй байгаа юм.
Харин шатахууны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй нэг автомашинд 50 мянган төгрөгийн хязгаарлалттай олгох, мөн улсын дугаарын тэгш, сондгой зохицуулалт наймдугаар сарын 15-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Улмаар наймдугаар сарын 16-ны өдрөөс шатахуун түгээлт хэвийн горимд шилжинэ гэдгийг АҮЭБЯ-наас мэдээлсэн.
Шатахууны нийлүүлэлт хэвийн горимд шилжих гэж байгаа ч үнийн зөвлөлийн шийдвэрээс өмнө АИ-92 бензиний үнэ нэмэгдэж эхэлсэн нь анхаарал татаж байна.





