“Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан А.Амундра өөрийн инстаграм сторид, “Т.Аюурсайханаас "Паркийн гуравдугаар давхарт байрлах Castle ресторанд уулзаж, нэг сая ам.доллар авсан уу" гэж асуугаач. Н.Удаанжаргал, Д.Баясгалан, Т.Аюурсайхан нар тухайн үед уулзсан, тэнд ажиллаж байсан хүмүүс гэрчилнэ. Ичиж зовохоо мэддэггүй авлигачид” хэмээн бичсэн.
Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр уг мэдээлэлд хариу өгч, сошиал хуудсандаа “Энэ бол ор үндэслэлгүй зүйл. Би 2020 оноос хойш байтугай "Голомт" банкинд ч амьдралдаа орж үзээгүй” хэмээн няцаасан.
Тэгвэл мөн Д.Сумъяабазар тайлбар сошилдаа оруулжээ. Тэрбээр "Сүүлийн үед өрнөж буй үйл явдалд дуугарахгүй бол илт ташаа мэдээллүүд ар араасаа гарч эхэллээ. 2019 онд тавантолгойн бүлэг ордын зүүн цанхи дээр "Эрдэнэс тавантолгой майнинг" ХХК байгуулагдаж, Хонг Конгийн хөрөнгийн бирж дээр ЭТТМ компанийн 30 хүртэл хувийг, Монгол Улсын Хөрөнгийн бирж, Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтарч 3 сая гаран иргэдийнхээ 1072 ширхэг хувьцааг гаргах ажил хийгдэж байсан.
Тавантолгойн борлуулалтын орлогыг хэд дахин нэмэгдүүлэх, үнэ цэнийг өсгөх стратегийн чухал ажлын нэг болох төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг "Бодь групп" гүйцэтгэж байсан. Уг төмөр замыг стандартын шаардлагад нийцүүлэх, товлосон цаг хугацаанд нь ашиглалтад оруулах ажлын хүрээнд уулзалтуудыг хийсээр ирсэн байдаг.
Энэ ажлын хүрээнд 2020 оны 3,4 дүгээр сарын орчимд "Бодь групп"-ын Д.Баясгалан захиралтай нэг уулзах үеэрээ одоогийн Хуульзүйн сайд Б.Энхбаярыг би танилцуулж байсан. Уулзалт Голомт банкны төв оффис дээр болж байсан бөгөөд уг уулзалтад Тавантолгой төмөр замын бүтээн байгуулалтын төлөөлөл болж А.Амундра захирал байсан. Эдгээр хүмүүс нэгнийгээ танихгүй, мэдэхгүй, огт уулзаж байгаагүй гэх зэргээр ярьж эхэлжээ. Үнэн мөртэй шүү.
Хууль хяналтын байгууллагад гэрчээр оролцох шаардлагатай бол очиж мэдүүлэг өгөхөд бэлэн байна" гэжээ.





