Монгол Улсад төрөлт жилээс жилд буурсаар, хүн амын цэвэр өсөлт сүүлийн 20 жилийн хамгийн доод түвшинд хүрээд байна. Энэ бол зүгээр нэг статистик тоо биш, харин улс үндэстний ирээдүйд ноцтой анхааруулах дохио юм. Хөдөлмөрийн насны хүн ам багасах, эдийн засгийн ачаалал нэмэгдэх, нийгмийн даатгал, тэтгэврийн тогтолцоо доголдох эрсдэл бодитоор нүүрлэж эхэллээ.
Дэлхийн олон улс үүнийг аль хэдийнэ үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэж, бодитой, зоримог арга хэмжээ авч байна. Тухайлбал, БНХАУ энэ оноос эхлэн жирэмслэлтээс эхлээд төрөлт хүртэлх бүх эмнэлгийн үйлчилгээг төрөөс бүрэн үнэгүй даахаар шийдвэрлэсэн.
Өмнөд Солонгос, Япон, Европын орнууд ч хүүхэд төрүүлсэн айлд шууд мөнгөн тэтгэмж, орон сууц, татварын томоохон хөнгөлөлт үзүүлж байна.
Харин Монгол Улсын хувьд төрөөс хэрэгжүүлж буй бодлого нөхцөл байдлын ноцтой байдалтайгаа харьцуулахад дэндүү сул хэвээр байна. Өнөөдөр хүүхэд бүрт олгож буй 100 мянган төгрөг, “цалинтай ээж”-ийн 50 мянган төгрөг нь бодит амьдрал дээр төрөлтийг дэмжих хүчин зүйл болж чадахгүй хэмжээндээ хүрсэн. Инфляц, өрхийн зардал, орон сууц, боловсрол, эрүүл мэндийн өртөгтэй харьцуулахад энэ нь бэлгэдлийн шинжтэй дэмжлэг төдий юм.
Тиймээс төр дорвитой шийдвэр гаргахгүй бол болохгүй нөхцөл байдалд иржээ. Нэгдүгээрт, хүүхдийн мөнгө болон эхийн тэтгэмжийг бодитоор нэмэгдүүлж, амьжиргаанд нөлөөлөхүйц түвшинд хүргэх шаардлагатай. Хоёрдугаарт, олон хүүхэдтэй өрхүүдийг орон сууцны хөнгөлөлттэй зээл, татварын бодлогоор бодитоор дэмжих нь зүйтэй.
Гуравдугаарт, үр хөндөлтийн асуудлыг нийгмийн түвшинд дахин авч үзэж, хориглох, хязгаарлах, урьдчилан сэргийлэх бодлогыг хүчтэй хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна.
Төрөлт бол зөвхөн нэг гэр бүлийн асуудал биш, харин төрийн бодлого, үндэстний оршихуйн асуудал юм. Өнөөдөр шийдвэр гаргахгүй бол маргааш засах боломжгүй үр дагавартай нүүр тулна. Монгол Улс хүн амаа өсгөх бодлогыг үг төдий биш, бодит санхүү, бодлогын түвшинд хэрэгжүүлэх цаг аль хэдийнээ болжээ.






