ШУУРХАЙ МЭДЭЭ:

Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томиллоо

Нийгэм

Хуульч Б.Даваажав: Вэйпэнд хар тамхи хийсэн бол татварын биш, эрүүгийн гэмт хэргийн асуудал

Хуульч Б.Даваажав: Вэйпэнд хар тамхи хийсэн бол татварын биш, эрүүгийн гэмт хэргийн асуудал

Тамхины хяналтын тухай хууль болон вэйп бүтээгдэхүүнтэй холбоотой хэлэлцүүлэг ид өрнөж буй энэ үед хуульч Б.Даваажав олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлж, вэйп бүтээгдэхүүнийг хар тамхитай холбон татвар нэмэх оролдлогыг хууль зүйн үндэслэлгүй гэж шүүмжилжээ.

Түүний үзэж байгаагаар вэйп төхөөрөмжид мансууруулах бодис хийж хэрэглэсэн, эсвэл хилээр нэвтрүүлсэн тохиолдол гарсан байлаа ч энэ нь электрон тамхины татварын бодлогын асуудал биш бөгөөд эрүүгийн гэмт хэрэг, хууль сахиулах байгууллагын хяналт шалгалтын асуудал юм.

Б.Даваажав энэ талаар тайлбарлахдаа:

"Усны саванд архи хийж хилээр оруулж ирлээ гээд усны татварыг нэмдэггүй. Талхны уутанд хар тамхи нуувал талхны онцгой албан татвар тогтоодоггүй. Үүнтэй адил вэйпийн саванд мансууруулах бодис хийсэн бол асуудал нь вэйп биш, хар тамхи юм" хэмээн онцолжээ.

Түүний хэлснээр аливаа гэмт хэрэг, зөрчлийг тухайн бүтээгдэхүүнтэй нь хутгаж ойлгох нь бодлогын томоохон алдаа болдог. Хар тамхи илэрсэн бол гарал үүсэл, нийлүүлэлтийн сүлжээ, хилээр нэвтрүүлсэн этгээд, борлуулалтын сүлжээ, лабораторийн шинжилгээ зэрэг эрүүгийн хэрэгт хамаарах асуудлыг мөрдөн шалгах ёстой болохоос тухайн сав, төхөөрөмжид нэмэлт татвар ногдуулах нь асуудлыг шийдвэрлэх арга биш гэжээ.

Мөн тэрээр "Би өөрөө барьж үзсэн", "надад ярьсан" гэх мэт яриаг нотолгоо гэж үзэх боломжгүйг сануулсан байна. Хууль зүйн ойлголтоор нотолгоо гэдэг нь лабораторийн шинжилгээ, шинжээчийн дүгнэлт, мөрдөн шалгах ажиллагааны үр дүн, баримтжуулсан мэдээлэлд үндэслэдэг болохыг тэр онцолжээ.

Хүүхэд хамгаалах асуудлыг ч мөн адил татварын бодлоготой хольж хутгаж болохгүй гэж Б.Даваажав үзэж байна. Түүний байр сууриар хүүхэд хамгаалах бодлого нь насны хатуу хяналт тогтоох, сургууль орчмын худалдааг хязгаарлах, зар сурталчилгаа болон сав баглаа боодлын зохицуулалтыг сайжруулах, эцэг эх болон сургуулийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг тусдаа арга хэмжээнүүдээр хэрэгжих ёстой аж.

Харин хар тамхитай тэмцэх асуудал нь эрүүгийн бодлого, мөрдөн шалгах ажиллагаа, хил гаалийн хяналттай холбоотой бөгөөд татварын бодлого нь төсвийн орлого, хэрэглээний зохицуулалтын хэрэгсэл болохоос гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн арга хэрэгсэл биш гэдгийг тэрээр онцолжээ.

Төгсгөлд нь Б.Даваажав:

"Татвар бол төсвийн хэрэгсэл. Хар тамхитай тэмцэх бол эрүүгийн бодлого. Хүүхэд хамгаалах бол нийгмийн бодлого. Эдгээрийг нэг саванд хийж сэгсрээд хууль гэж нэрлэж болохгүй" хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.

Энэхүү байр суурь нь Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлгийн үеэр бодлогын зорилго, хэрэгсэл, эрх зүйн зохицуулалтын ялгааг тодорхой салгаж авч үзэх шаардлагатай гэсэн асуудлыг дахин хөндөж буйгаараа анхаарал татаж байна.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна