“Хүүхдийн төлөө – За бол заавал хийе” хөдөлгөөний хүрээнд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б. Пүрэвдагва болон хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллүүд уулзлаа.




Уулзалтаар хүүхдийн хөгжил, хамгааллын өнөөгийн нөхцөл байдал, “Хүүхэд хөгжлийн ордон”-ы чиг үүрэг, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний хүртээмж, үйл ажиллагааны төлөвлөлт, бүтэц зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон юм.
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар-ын дарга Б.Баярсайхан уулзалтын үеэр дараах асуудлуудыг нийслэлийн удирдлагад уламжиллаа. Үүнд:
• Олон нийтийн хүүхэд хамгааллын байцаагч ажиллуулах эрх зүйн боломжийг судлах;
• Дүүргүүдийн Хүүхдийн төлөө зөвлөл, Хүүхдийн эрхийн хууль зүйн хороодын үйл ажиллагаанд шаардлагатай төсөв тусгах;
• Салбар дундын уялдаа холбоо, хамтын ажиллагааг дүүргийн түвшинд эрчимжүүлэх;
• Хүүхдийн урлан бүтээх төв болон хүүхдийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх;
• Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилтийг хангах чиглэлийг есөн дүүргийн Засаг дарга нарт хүргүүлэх;
• Өлзийт, Соёл хүүхдийн зуслангийн газар эзэмшил, өмчлөлийн асуудлыг шийдвэрлэх.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва хүүхдийн хөгжилд чиглэсэн бүтээн байгуулалт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Мөн хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг сэргээх, Хүүхдийн арт музей болон “Хүүхэд хөгжлийн ордон”-ы үйл ажиллагааг эрчимжүүлэх, дүүрэг бүрийн хүүхдийн зөвлөлийн төлөөлөлтэй тогтмол уулздаг тогтолцоог бий болгох талаар байр сууриа илэрхийллээ.
Уулзалтын үр дүнд “Хүүхэд хөгжлийн ордон”-ы үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардлагатай судалгаа, шинжилгээг эрчимжүүлэх, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүдийн оролцоотой хамтарсан ажлын хэсэг байгуулах, шаардлага хангасан хүүхдийн зуслангуудыг газрын татвараас чөлөөлөх асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллахаар тохиролцлоо.
Талууд дээрх асуудлуудыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр ирэх долоо хоногт дахин уулзахаар боллоо.




