УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралын өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Улсын Их Хурлаас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг баталж, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан 1000 гаруй төрлийн тусгай зөвшөөрлийн тоог 14 чиглэлийн салбарт 251 “тусгай зөвшөөрөл”, 130 “энгийн зөвшөөрөл”, нийт 381 төрлийн зөвшөөрөл болгон бууруулж хуульчилсан. Тус хууль хэрэгжиж эхэлснээс хойш нийт 16 зөвшөөрлөөр буюу боловсролын салбарт 4, байгаль орчны салбарт 3, банк, санхүүгийн салбарт 2, хүнс, хөдөө аж ахуйн салбарт 2, батлан хамгаалах салбарт 2, хууль зүйн салбарт 1, аймаг, нийслэлийн Засаг даргаас олгох 2 зөвшөөрөл тус тус нэмэгдсэн байна.
Хууль тогтоомжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасны дагуу Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланд дурдсанаар зөвшөөрлийн төрөл ангиллыг дахин тодорхойлох, нэр томьёог жигдлэн хуульчлах, зөвшөөрлүүдийг бүрэн цахимжуулж, төр өөрт байгаа мэдээлэл, баримт бичгийг иргэн, хуулийн этгээдээс хууль, журмаар дахин, дахин шаардаж зөвшөөрөл олгох үйл явцад өөрийн үзэмжээр асуудлыг шийдвэрлэдэг байдлыг цэгцлэх, холбогдох журмууд хүчингүй болгох талаар дүгнэлт зөвлөмж гарсан гэдгийг тэрбээр танилцуулгадаа дурдсан.
Төрийн бүтээмж, хэмнэлтийн зөвлөлийн ажлын албанаас хийсэн судалгаагаар “зөвшөөрөл” гэж нэрлэгдээгүй ч бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд шаардагддаг, төрийн байгууллагаас олгож байгаа үйл ажиллагаа эрхэлдэг баримт бичгүүдийг түүн үзэхэд бүртгэл 264, дүгнэлт 232, гэрчилгээ 132, магадлан итгэмжлэл 30, сертификат 9 байна гэсэн үр дүн гарч, Зөвшөөрлийн тухай хуульд заагаагүй, зөвшөөрөл шаардахгүй үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн, чөлөөтэй эрхлэх зохицуулалттай зөрчил үүсгэж байгааг тогтоожээ.
Түүнчлэн Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа 378 хуульд хиймэл оюунд суурилсан хууль зүйн дүн шинжилгээ хийж үзэхэд эдийн засгийн эрх эрх чөлөөг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэж байгаа 228 хууль, эдийн засгийн эрх, эрх чөлөөг шууд зөрчиж байгаа 110 хууль байгааг илрүүлж, холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах зөвлөмж гаргасан болохыг УИХ-ын дарга Н.Учрал танилцуулгадаа тодотголоо.
Үндсэн хуульд заасан иргэний бизнес эрхлэх үндсэн эрхэд халдсан, хязгаарласан, хааж боосон төрийн хэтийдсэн оролцоо, төрийн хүнд суртлыг эрс хумих, чөлөөлөх санаачилгыг дэвшүүлэн ажиллаж байгаагийнхаа эхлэл болгож зах зээл дэх төрийн оролцоог бууруулах, аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэхэд тулгардаг саад, хоригийг багасгах хүрээнд бизнес эрхлэгч нараас ирүүлсэн, гомдол санал, зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд болон бусад улсын туршлагыг судлан үзэж Зөвшөөрлийн тухай хууль болон түүнийг дагалдуулан 90 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Энэ хүрээнд Их Британи, Нидерланд, Герман, Эстон, Казахстан зэрэг улсад бизнесийн цар хүрээ, салбарын онцлогоос хамаарч эрсдэлийн түвшин багатай үйл ажиллагааг мэдэгдлээр эрхэлдэг олон улсын жишигт нийцүүлэн нийт 30 гаруй төрлийн үйл ажиллагаа буюу хүнсний зах, дэлгүүр, зоогийн газар, цайны газар, кофе шоп, үсчин, гоо засал, хими цэвэрлэгээ, бялдаржуулах төв, спиннинг, цанын баазын үйл ажиллагааг зөвшөөрлийн үндсэн дээр бус төрийн байгууллагын шийдвэр хүлээлгүйгээр, зөвхөн төрийн байгууллагад мэдэгдэл хүргүүлээд эрхэлдэг байхаар тусгажээ.
Мөн аймаг, нийслэл, дүүрэгт Зөвшөөрлийн тухай хуульд заагаагүй ч зөвшөөрөл шиг бичиг баримт шаарддаг байсан хувцас захиалга, засвар, гутал засвар, нүдний шил захиалга, засвар, цаг засвар, гэрэл зургийн үйлчилгээ, биллиард, машин угаалга зэрэг үйлчилгээнүүдийг шууд эрхлэх нөхцөлийг хуулиар бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэн, холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан байна.
Зөвшөөрөл олгоход 20-30 төрлийн шаардлага тогтоож, зөвшөөрөл олгох процессыг хүндрүүлж байгаа нөхцөлийг өөрчилж, зөвшөөрөл олголтын болон зөвшөөрөл авсны дараа зөвшөөрөл эзэмшигчид тавигдах нөхцөл, шаардлагыг ялгамжтай тогтоож, олон төрлийн баримт бичиг шаардагддаг байдлыг багасгаж, зөвшөөрөл олголт, явцын хяналтын тэнцвэртэй тогтолцоог бүрдүүлэхээр төсөлд холбогдох зохицуулалтуудыг тусгажээ.
Зарим салбарт нэг төрлийн үйл ажиллагааг эрхлэхэд зөвшөөрөл авахад 3-4 жил зарцуулдаг байдлыг Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэн, тухайлбал барилгын салбарт 16 давхар барилгын ажил эрхлэх нэг төрлийн үйл ажиллагаа эрхлэхэд гурван төрлийн тусгай зөвшөөрөл авч 3-4 жил зарцуулдаг байдлыг бүрэн халж, нэг төрлийн зөвшөөрөл авч Зөвшөөрлийн тухай хуульд заасан 22 өдөрт багтаан олгохоор тусгасан байна.
Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу зөвшөөрлийг 20 хоногт магадлан шалгах ажиллагааг хийж, сунгадаг нөхцөлийг хялбаршуулж, зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчөөгүй болох нь хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд ажлын 2 өдөрт шууд сунгах талаар зохицуулж, зөвшөөрлийн тогтолцоог, хяналтын тогтолцоог уялдуулан аж ахуйн нэгжүүдэд учруулах дарамтыг багасган хуульд тусгажээ.
Энгийн 120 зөвшөөрөл олгох, 30 мэдэгдэл бүртгэх эрхийг салбарын мэргэжлийн нэгдсэн холбоогоор дамжуулан гүйцэтгүүлж, төрийн чиг үүргийг шилжүүлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тусгасан байна.
Тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаатай олгож байгааг 10 жилээр энгийн зөвшөөрлийг гурван жилийн хугацаатай олгож байсныг таван жил болгон нэмэгдүүлж, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн бизнесийн тогтвортой байдлыг хангаж, зөвшөөрлийг сунгахтай холбоотой дарамтыг багасгахаар төсөлд тусгасан байна.
Тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх нийт 32 төрлийн үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлд шилжүүлэхээр тусгаж, эрх бүхий этгээд хуульд заасан хугацаанд энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хэрвээ өгөөгүй бол 30 хоногийн дараа зөвшөөрөл олгосонд шууд тооцох боломжтой болгохоор хуульчлах нь зүйтэй хэмээн үзсэн байна.






