ШУУРХАЙ МЭДЭЭ:

Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томиллоо

Улс төр

“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв

“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2026.05.21/ Р.Сэддорж, Л.Соронзонболд, П.Батчимэг, Н.Батсүмбэрэл, Р.Батболд, Ц.Баатархүү, Б.Түвшин, Х.Булгантуяа, Б.Заяабал, Г.Уянгахишиг, А.Ундраа, Д.Үүрийнтуяа, М.Энхцэцэг, С.Эрдэнэбат, Г.Очирбат, Ч.Лодойсамбуу, Б.Жаргалан, З.Мэндсайхан, Б.Уянга, Б.Пунсалмаа, С.Цэнгүүн нарын 21 гишүүн хүрэлцэн ирж, 65.6 хувийн ирц бүрдсэнээр 10.24 цагт эхэлж, “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлэг буюу урд өдөр эхлүүлсэн санал хураалтыг үргэлжлүүлэн явууллаа.


Улсын хөгжлийн төлөвлөгөөний төсөлд шинээр нэмж тусгуулахаар УИХ-ын гишүүдээс 206 гаруй саналыг Ажлын хэсэгт ирүүлжээ. Тэдгээр саналд голчлон орон нутагт улсын төсвөөр ирэх онд хийх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг тусгасныг дэмжих эсэхийг санал хурааж шийдвэрлэсэн юм.

Гишүүд 2027 онд аймаг, сумдад эмнэлэг бариулах, эмнэлгийн тоног төхөөрөмж шинээр авах, аялал жуулчлал хөгжүүлэх зам харгуйг барих, хилийн шинэ боомт нээх, сургууль, цэцэрлэгийн өргөтгөл, цахилгаан дамжуулах агаарын шугам, барилга байгууламж босгох зэрэг олон асуудлаар санал гаргасныг хуралдаан даргалагч Р.Сэддорж, Л.Соронзонболд нар нэг бүрчлэн уншиж танилцуулан, санал хураалаа.


Байнгын хорооны хуралдаан даргалагч УИХ-ын гишүүдээс тогтоолын төсөлд дэвшүүлсэн эдгээр санал Ажлын хэсгийн хуралдаанаар дэмжигдээгүйг онцолсон. Хэлэлцүүлгийн явцад санхүүжилт хүссэн төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалттай холбогдож гаргасан саналаа тайлбарлах боломжийг гишүүдэд олголоо. Харин Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр улсын төсвийн хөрөнгөөр ирэх онд шинээр ямар нэг бүтээн байгуулалт хийх боломжгүй байгаа талаар танилцуулаад байгаа юм. Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2027 оны жилийн хөгжлийн төлөвлөгөөг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүдээс 3.6 их наяд төгрөгийн санхүүжилт шаардсан 206 төсөл, хөтөлбөрийг тусгуулахаар санал оруулж ирсэн нь ТЭЗҮ хийгдээгүй, эдийн засгийн бодит тооцооллоос ангид, санхүүжүүлэх эх үүсвэр тодорхой бус, зөвхөн одоо хэрэгжиж байгаа хөтөлбөрийг үргэлжлүүлэхэд 2.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шийдвэрлэх боломжтой хэмээн онцолсон. Мөн цаашид аливаа төсөл, хөтөлбөрийг эдийн засгийн бодит үр өгөөж, нэн шаардлагатай эсэхээр нь эрэмбэлэн, үе шаттай хэрэгжүүлэх нь оновчтой гэж тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр дурдсан. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо энэ өдрийн хуралдаанаараа дээрх тогтоолын төслийн хавсралтуудад тусгуулахаар гишүүдээс гаргасан саналуудыг дэмжих эсэхийг нэг бүрчлэн хэлэлцлээ. Ийнхүү зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж, "Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай" тогтоолын төслийг хэлэлцүүлсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд илтгэгчээр УИХ-ын гишүүн Г.Очирбатыг томилсноор хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:ЭЗБХ

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна