Улсын лавлагаа шатлалын эмнэлгээр үйлчлүүлэх иргэдээс 13А маягтыг цахимаар шаардах болсон нь хүндрэл, чирэгдэл үүсгэж, иргэдийн шүүмжлэл дагуулаад байна.
Одоогийн зохицуулалтаар анхны үзлэгт 13А маягт шаардахгүй боловч давтан үзлэгт маягтгүй тохиолдолд 20 мянган төгрөг төлөх нөхцөлтэй байгаа юм.
Энэхүү зохицуулалтыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн шийдвэрээр сэргээн хэрэгжүүлж эхэлсэн байна.
Харин Эрүүл мэндийн сайд Э.Батшугар иргэдэд үүсэж буй хүндрэл, чирэгдлийг арилгах зорилгоор уг зохицуулалтыг цуцалж, 13А маягтыг шаардахгүй болгохоор ажиллаж байгаа аж.
Ингэснээр иргэд лавлагаа шатлалын эмнэлгээр үйлчлүүлэхдээ нэмэлт бичиг баримт, цахим маягтын шаардлагаас шалтгаалсан хүндрэлгүйгээр эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломж бүрдэх нь. Шийдвэр удахгүй албажих юм байна.





