Өнөөдөр Мал эмнэлгийн Ерөнхий газраас Нийслэлийн мал эмнэлгийн газрын эрх бүхий улсын байцаагчдад олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ олгох зарчим, анхаарах асуудлын талаар сургалт зохион байгуулж, мэргэжил, арга зүйн мэдээлэл, зөвлөмж өглөө.
Тодруулбал, Мал эмнэлгийн ерөнхий газраас экспортын гэрчилгээ олгох төрийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжид шуурхай, хүртээмжтэй хүргэх, үйл ажиллагааны зохион байгуулалтыг боловсронгуй болгох зорилгоор зарим төрлийн олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг баталгаажуулан олгох ажлыг Нийслэлийн мал эмнэлгийн газарт хариуцууллаа.
Энэ хүрээнд 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Нийслэлийн мал эмнэлгийн газар нь Мал эмнэлгийн ерөнхий газрын нэрийн өмнөөс арьс, шир, ноос, ноолуур, адууны дэл, сүүл, сэв хялгас болон гэрийн тэжээвэр амьтанд хамаарах зарим төрлийн олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг баталгаажуулан олгох юм.
Тухайлбал, гэрчилгээг холбогдох хууль тогтоомж, импортлогч улсын мал эмнэлэг, хорио цээрийн шаардлага, хоёр улсын эрх бүхий байгууллага хооронд байгуулсан протокол, тохиролцоо болон батлагдсан загварт нийцүүлэн олгоно.
ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ ЮУНД АНХААРАХ ВЭ?
Хүсэлт гаргагч иргэн, аж ахуйн нэгж нь экспортлох амьтан, түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн баталгаа, лабораторийн шинжилгээний дүн, боловсруулалт, халдваргүйтгэл, савлалт, тээвэрлэлтийн мэдээлэл болон импортлогч улсаас шаардсан бусад баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн байна.
Иргэн, аж ахуйн нэгжийн хувьд IVC–MAHIS олон улсын мал эмнэлгийн гэрчилгээний системээр хүсэлт илгээх, шаардлагатай мэдээлэл, баримт бичгийг бүрдүүлэн оруулах үйл ажиллагаанд өөрчлөлт орохгүй. Харин дээр дурдсан төрлийн гэрчилгээний хүсэлт гаргахдаа системээс гэрчилгээ олгох байгууллагаар Нийслэлийн мал эмнэлгийн газрыг сонгох юм.
Нийслэлийн мал эмнэлгийн газар хүсэлт болон холбогдох баримт бичгийг хянан шалгаж, хууль тогтоомж, импортлогч улсын шаардлагыг хангасан тохиолдолд эрх бүхий мал эмнэлгийн улсын байцаагчаар гэрчилгээг баталгаажуулан олгоно.
Мал эмнэлгийн ерөнхий газар нь гэрчилгээний загвар, цахим системийн тохиргоо, арга зүйн удирдлагаар хангаж, гэрчилгээний олголт, бүртгэл, тайлан, маягт, баталгааны тэмдэг, тамга, цахим гарын үсгийн ашиглалт, хадгалалтад хяналт тавьж ажиллана.
Энэхүү зохицуулалт нь Мал эмнэлгийн ерөнхий газарт төвлөрч байсан зарим төрлийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг зохих түвшинд шилжүүлж, төрийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжид ойртуулахын зэрэгцээ экспортын баталгаажуулалтын хариуцлага, бүртгэл, хяналтыг сайжруулах ач холбогдолтой юм.
МАЛ ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР







