Улаанбаатар, 2026 оны 8 дугаар сарын 24 — Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль Google Workspace for Education, Chromebook болон хиймэл оюун ухаанд суурилсан сургалтын шийдлүүдийг үйл ажиллагаандаа цогцоор нэвтрүүлж, Монгол Улсын анхны Google Reference School боллоо.




Тус сургууль өнгөрсөн хичээлийн жилийн турш технологийг зөвхөн сургалтын хэрэгсэл болгон ашиглахаас илүүтэй багшийн чадавхыг бэхжүүлэх, сурагч бүрийн онцлогт нийцсэн сургалтын арга зүйг хөгжүүлэх, өгөгдөлд суурилсан удирдлага, хяналт, үнэлгээг нэвтрүүлэхтэй уялдуулан хэрэгжүүлжээ. Ийнхүү технологийн хэрэглээг сургалтын бодит үр дүнтэй холбосон цогц шинэчлэл хэрэгжүүлснээр боловсролын салбарын цахим шилжилтийн олон улсын жишиг туршлагыг Монголд нутагшуулсан анхны сургууль болж байна.
Нийслэлийн 2 дугаар сургууль 131 багш, 3,600 орчим сурагчтай. Тус сургууль 2026 оны хоёрдугаар сараас Япон, БНСУ зэрэг оронд хэрэгжүүлдэг цогц аргачлалд тулгуурлан цахим шилжилтийг үе шаттай хэрэгжүүлж эхэлсэн. Шинэчлэлийн эхэнд гарааны судалгаа хийж, багш нарын дижитал хэрэглээ, ажлын ачаалал, хиймэл оюун ухааны хэрэглээ зэрэг гол үзүүлэлтийг хэмжсэнээр цаашдын ахиц, үр дүнг өгөгдөлд тулгуурлан үнэлэх суурийг бүрдүүлжээ.
Сурагч бүрийн сонирхол, суралцах арга барилд нийцсэн арга зүй
Технологид суурилсан сургалтын орчны гол давуу талын нэг нь бүх сурагчид ижил арга барилаар хичээл заахаас илүүтэй сурагч бүрийн сонирхол, хобби, суралцах онцлог, түвшинтэй уялдуулан агуулга, жишээ, дасгал даалгаврыг тохируулах боломж нэмэгдэж буй явдал юм.
Багш нар Google Classroom болон хиймэл оюуны хэрэгслүүдийг ашиглан нэг судлагдахууны агуулгыг спорт, тоглоом, байгаль, технологи, урлаг зэрэг сурагчдын сонирхдог сэдэвтэй холбон тайлбарлах, суралцах түвшин, хэрэгцээнд нь нийцсэн дасгал, жишээ боловсруулах арга барилыг сургалтдаа ашиглаж эхэлжээ.

Ингэснээр сурагчид хичээлийн агуулгыг өөрсдийн сонирхол, өдөр тутмын амьдралтай холбон ойлгох боломж нэмэгдэж, хичээлийн оролцоо болон тухайн судлагдахууныг суралцах сонирхолд эерэг өөрчлөлт ажиглагдаж байна. Тухайлбал, өнгөрсөн хичээлийн жилд Gemini-г төгсөх шалгалтын бэлтгэлдээ ашиглаж байсан тус сургуулийн сурагч Элсэлтийн ерөнхий шалгалтын хоёр хичээлээр тус бүр 800 оноо авсан амжилт гаргажээ.

Энэ нь боловсролын технологийн үнэ цэнийг хэдэн төхөөрөмж нэвтрүүлснээр бус, сурагч бүр өөрт тохирсон, сонирхолтой арга замаар илүү үр дүнтэй суралцаж чадаж байна уу гэдгээр хэмжих боломжийг нээж байна.
Багшийн чадавхыг технологийн шинэчлэлийн төвд тавив
Цахим шилжилтийн хүрээнд багш нарыг шинэ технологийн хэрэглэгч болгохоос илүүтэй технологи, хиймэл оюуныг сургалтын арга зүйдээ оновчтой ашиглаж, сурагч бүрийн суралцах туршлагыг сайжруулах мэргэжлийн чадавхтай болгоход онцгойлон анхаарчээ.
Гарааны үнэлгээгээр багш нарын 68 гаруй хувь нь Gemini AI-ийг хичээлийн төлөвлөгөө боловсруулах, дасгал, даалгавар, сорил болон бусад сургалтын материал бэлтгэхэд ашиглаж байгаагаа илэрхийлсэн байна. Байгалийн ухааны мэргэжлийн бүлгийн судалгаанд хамрагдсан багш нарын хувьд Gemini-г сургалтын контент болон үнэлгээний материал боловсруулахад бүгд ашиглаж байжээ.

Багш нарын дижитал ур чадварыг олон улсын түвшинд баталгаажуулах ажлыг мөн үе шаттай хэрэгжүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар:
112 багш Google Certified Educator Level 1;
66 багш Google Certified Educator Level 2;
86 багш Gemini Certified Educator
батламж эзэмшээд байна.
Ийнхүү технологийн шинэчлэлийн үр дүнг төхөөрөмжийн тооноос гадна багш технологийг хэр үр дүнтэй ашиглаж, сурагчийн суралцах арга барил, туршлагад ямар өөрчлөлт бий болгож байгаагаар хэмжих суурь бүрдэж байна.



570 Chromebook бүхий үүлэн технологид суурилсан сургалтын орчин
Төслийн хүрээнд Нийслэлийн 2 дугаар сургуульд 570 Chromebook төхөөрөмж нэвтрүүлж, Google Workspace for Education-ийн үүлэн орчинтой уялдуулан ашиглаж эхэлжээ.
Үүний зэрэгцээ сургалтын технологийн хэрэглээ, хэрэгжилтийн явцыг аналитик дашбоардаар хянаж, бодит мэдээлэлд үндэслэн сургуулийн үйл ажиллагаа, багш нарт үзүүлэх дэмжлэгээ тасралтгүй сайжруулах тогтолцоог бүрдүүлсэн байна.
Гарааны судалгаагаар багш нарын 37.1 хувь нь долоо хоног бүр 3–4 цагийг бичиг баримт хэвлэхэд, 40 хувь нь сард 3–4 цагийг тайлан боловсруулахад зарцуулдаг гэж хариулжээ.
Цахим хэрэгслүүдийг өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтрүүлснээр давтагддаг бичиг цаасны ажлыг бууруулах, мэдээлэл солилцоог хурдасгах, улмаар багшийн цагийг хичээлийн чанараа сайжруулах болон сурагчтай ажиллахад илүү чиглүүлэх боломж бүрдэж байна.
Цаашид технологийн хэрэглээний үр нөлөөг багшийн цагийн хэмнэлт, сурагчдын оролцоо, суралцах идэвх, сургалтын ахиц зэрэг бодит үзүүлэлттэй холбон тогтмол хэмжихээр ажиллаж байна.
“Чөлөөлье” санаачилга ба боловсролын шинэчлэлийн дараагийн шат
Google Reference School-ийн батламж гардуулах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Боловсролын яам, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн 2 дугаар сургуулийн удирдлага, багш, сурагчид болон Google for Education-ийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчид оролцов.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд боловсролын салбарт технологид суурилсан, ухаалаг, эрүүл, аюулгүй сургалтын орчныг үе шаттай бүрдүүлж, 2027 онд 100 жишиг сургууль бий болгох зорилтыг танилцууллаа.
“Би Цахим хөгжлийн сайдаар ажиллаж байх үеэсээ технологийг хүн бүрийн боломжийг тэлэх хэрэгсэл гэж харж ирсэн. Өнөөдөр сурагч, багш, эцэг эхийг илүү нягт холбосон, хүүхэд бүрийн сонирхол, авьяас чадварыг нээн хөгжүүлэх боломжтой сургалтын орчин бодитоор бүрдсэн байгааг харахад баяртай байна.
Хүүхдэд төхөөрөмж өгөх нь эхлэл. Харин технологийн тусламжтайгаар хүүхэд бүр өөрийн онцлогт тохирсон байдлаар суралцаж, багш нь илүү үр дүнтэй ажиллаж, эцэг эх нь хүүхдийнхээ хөгжилд илүү ойр оролцдог болох нь бидний зорьж буй өөрчлөлт юм.” хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.
Нийслэлийн 2 дугаар сургуулийн туршлага нь технологийг дангаар нь нэвтрүүлэхээс илүүтэй багшийн ур чадвар, сурагч бүрд тохирсон сургалт, өгөгдөлд суурилсан удирдлага, хэмжигдэхүйц үр дүнтэй нэг тогтолцоонд уялдуулах нь боловсролын цахим шилжилтийн гол нөхцөл болохыг харуулж байна.




