МАН-ын бүлгийн доторх гурван гишүүний хоорондын маргаан намын дотоод асуудлаас хальж, УИХ-ын Ёс зүйн дэд хорооны түвшинд яригдах хэмжээнд хүрчээ. Талуудыг эвлэрүүлж, учир зүйг нь ололцуулахын тулд МАН-ын бүлгээс ажлын хэсэг хүртэл байгуулсан байна.
Ажлын хэсгийг Н.Батсүмбэрэл ахалж, Б.Хэрлэн, Б.Бат-Эрдэнэ, О.Номинчимэг, Н.Наранбаатар нарын таван гишүүн ажиллаж байгаа аж. Тэд маргаанд оролцсон талуудтай уулзаж, нэг бүрчлэн байр суурийг нь сонсжээ. Гурван хүн хоорондоо учраа олж чадахгүй байгаа тул таван хүн дундуур нь орж, эвлэрүүлэх ажил ийнхүү эхэлсэн хэрэг.
Гэхдээ энэ удаагийн маргаан зүгээр нэг “ам муруйсан” асуудлаар дуусах шинжгүй. Талууд бүгд УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хандсан бөгөөд асуудлыг МАН-ын Хяналтын Ерөнхий хороо болон УИХ-ын Ёс зүйн дэд хороогоор хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа аж. Өөрөөр хэлбэл, гурван гишүүний хоорондын үг зөрөлдөөн одоо намын хяналт, парламентын ёс зүйн асуудал болж хувирав.
Маргааны голд Боловсролын сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, УИХ-ын гишүүн О.Саранчулуун нар байгаа юм. Л.Энх-Амгалан А.Ариунзаяа, О.Саранчулуун нарыг бүлэглэл хэмээн ярьж, улмаар “Монгол төрийн түгжилмаа” хэмээн нэрлэсэн нь талуудын хоорондын маргааныг хурцатгасан.
Харин хэлсэн үгэндээ Л.Энх-Амгалан уучлал гуйх шаардлагагүй гэсэн байр суурь илэрхийлж, тэрбээр “Би ямар гэм хийсэн гэж О.Саранчулуун, А.Ариунзаяа хоёроос уучлал гуйх юм” хэмээн мэдэгдсэн.
Ийнхүү “уучлал гуйхгүй” гэсэн нэг тал, өөрийн байр сууриа хамгаалж буй нөгөө талын маргааныг одоо МАН-ын таван гишүүн эвлэрүүлэхээр оролцож байна. Гэвч талуудын маргаан аль хэдийн Ёс зүйн дэд хорооны хаалга татсан учраас ажлын хэсгийн эвлэрүүлэх ажиллагаа хэр үр дүнд хүрэх нь анхаарал татах болжээ.
УИХ-ын гишүүдийн үндсэн ажил нь хууль батлах, төрийн бодлого хэлэлцэх. Гэтэл энэ удаа гурван гишүүний хооронд хэн нь хэнийг юу гэж хэлсэн, хэн нь хэндээ уучлал гуйх ёстой эсэхийг таван гишүүнээрээ хэлэлцүүлэх нөхцөл үүсэв. Намын бүлэг доторх маргаан нэгэнтээ ажлын хэсгийн ажил болж, тэндээсээ МАН-ын Хяналтын Ерөнхий хороо, цаашлаад УИХ-ын Ёс зүйн дэд хороонд очихоор болов.





