Төрийн ордны улс төрийн хүрээнд яригдаж буйгаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг саяхан дуудан уулзаж, парламентын үйл ажиллагаа доголдож, чуулганы ирцээ хүртэл бүрдүүлж чадахгүй байгаад нь шүүмжлэлтэй ханджээ.
УИХ-ын даргын хувьд энэ бол жижиг сануулга биш. Парламентын хуралдааны ирц бүрдэхгүй, хууль тогтоох үйл ажиллагаа гацаж, гишүүд нь чуулгандаа суухгүй байгаа нь эцсийн дүндээ УИХ-ын удирдлагын хариуцлагын асуудал болж очдог.
Тиймээс ч С.Бямбацогтын сүүлийн үеийн үг, үйлдлүүдийг тусад нь харах боломжгүй болж байна. Тэрбээр парламентын цахим хуудсын шинэчлэлтийг олон нийтэд танилцуулах үеэрээ ажлаа хийхгүй байгаа гишүүдийг нэлээд хатуу шүүмжилж, “ард түмний элч биш, ард түмний ичгүүр болоод байна” гэсэн утгатай байр суурь илэрхийлсэн. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай эрх зүйн зохицуулалтыг намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн.
Энэ үгийг зүгээр нэг спикерийн уур бухимдал гэж харахад учир дутагдалтай. Учир нь УИХ-ын гишүүдийн ирц, хариуцлага, ажлын сахилга бат гэдэг асуудал яг одоо С.Бямбацогтын өөрийнх нь улс төрийн хариуцлагатай шууд холбогдож байна. Парламентын дарга гишүүдээ ажиллуулах ёстой. Гэтэл ажиллуулах үүрэгтэй хүн нь өөрөө Ерөнхийлөгчөөс “УИХ-аа удирдаж чадахгүй байна” гэсэн шүүмжлэл сонсох хэмжээнд хүрсэн бол асуудал зөвхөн ирцгүй гишүүдэд байгаа эсэх нь эргэлзээтэй.
Нөгөөтэйгүүр С.Бямбацогт сүүлийн үед зөвхөн өнөөдрийн спикерийн ажлаа хийхээс гадна улс төрийн маргаашийн байр сууриа тооцоолж эхэлсэн гэх яриа бий. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхлоо битүүхэн илэрхийлж, өөрийн улс төрийн амбицыг мэдрүүлэх болсон.
Хэрэв энэ нь үнэн бол Ерөнхийлөгчийн зүгээс үүнийг таатай хүлээж авах шалтгаан бага.
Учир нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байхад дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд хэн, хэрхэн өрсөлдөх тухай улс төрийн тоглолт аль хэдийн эхэлж байна. Энэ үед төрийн өндөр албан тушаал хашиж буй хүн өнөөдрийн үүргээсээ илүүтэй маргаашийн суудал руу хэт эрт харж эхэлбэл улс төрийн харилцаанд зөрчил үүсэх нь гарцаагүй.
С.Бямбацогтын хувьд энэ нь зүгээр нэг ирээдүйн улс төрийн зорилго ярихаас илүү өнөөдрийн албан тушаалтай нь зөрчилдөж эхэлсэн байж болох юм. УИХ-ын даргын хувьд парламентын ажлаа бүрэн нугалах ёстой хүн өөрийн дараагийн улс төрийн алхамд анхаарал хандуулж эхэлбэл Ерөнхийлөгчийн зүгээс “Одоо байгаа ажлаа эхлээд сайн хий” гэсэн байр суурь гаргах нь аргагүй. Өөрөөр хэлбэл, асуудал нь С.Бямбацогт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй эсэхээс илүүтэй тэрхүү амбиц нь өнөөдрийн үүрэгт нь нөлөөлж эхэлсэн эсэх дээр ирж байна.
Тиймээс С.Бямбацогтын өнөөдрийн нөхцөл байдлыг зөвхөн “ирц бүрдүүлж чадаагүй спикер” гэдгээр тайлбарлахад хангалтгүй.Тэрбээр нэг талаас парламентын сахилга хариуцлагыг чангаруулах тухай ярьж, нөгөө талаас Ерөнхийлөгчийн санаачилсан гишүүнийг эгүүлэн татах асуудлыг намрын чуулганаар хэлэлцүүлэхээр зүтгэж байна. Гэтэл нөгөө талд өөрийнх нь удирдаж буй парламентын ирц, зохион байгуулалт Ерөнхийлөгчийн шүүмжлэлийн бай болжээ.
Өөрөөр хэлбэл, С.Бямбацогт гишүүддээ “ажлаа хий” гэж шаарддаг ч өөрт нь тавигдаж буй шаардлага нь үүнээс ч өндөр болж байна.
Төрийн тэргүүнээс “УИХ-аа удирдаж чадахгүй байна” гэсэн шүүмжлэл сонссон спикерийн хувьд хамгийн эхэнд хийх ёстой ажил нь дараагийн сонгуульд хэн болохоо тооцох бус, одоо байгаа парламентаа ажиллуулах явдал.
Улс төрд амбиц буруу зүйл биш. Харин амбиц нь хариуцлагаасаа түрүүлж эхлэх үед асуудал болдог. С.Бямбацогтын хувьд ч яг энэ цэг дээр улс төрийн эргэлтийн үе ирсэн байж мэднэ.
Тэрбээр УИХ-ын даргын суудлыг ашиглан дараагийн улс төрийн шат руу ахих уу, эсвэл эхлээд өнөөдрийн суудалдаа өөрийгөө бүрэн харуулах уу гэдэг сонголтын өмнө иржээ.
Хэрэв Ерөнхийлөгчийн зүгээс парламентын удирдлагад итгэл буурч, УИХ-ын дотор ч спикерийн эсрэг улс төрийн хөдөлгөөн хүч авах аваас С.Бямбацогтын суудал бодитоор ганхана. Тэр тусмаа дараагийн Ерөнхийлөгчийн сонгууль ойртож буй энэ үед эрх мэдлийн дээд түвшинд хэн хэнийгээ дэмжих, хэн хэнийхээ замд саад болох вэ гэдэг тоглолт улам ширүүснэ. УИХ-ын дарга С.Бямбацогт ирээдүйгээ хэт эрт харж эхэлсэн бол өнөөдрийн суудлаа алдах эрсдэлтэй.
УИХ-ын даргын суудал бол дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн гарааны байр биш. Харин парламентын 126 гишүүнийг ажиллуулах, төрийн хууль тогтоох байгууллагыг хэвийн явуулах асар том хариуцлага.
Өнөөдөр тэр гишүүддээ “ард түмний ичгүүр болж болохгүй” гэж хэлж байна. Харин улс төрийн нөхцөл байдал түүнд өөр нэг асуултыг тавьж эхэлжээ. УИХ-ын дарга өөрөө өнөөдрийн ажлаа бүрэн хийж чадсан уу. Энэ асуултын хариу л С.Бямбацогтын суудал цаашид хэр бат бөх байхыг шийдэх бололтой.
Ш.Адъяамаа






