Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд, бодлого боловсруулагчид, банк санхүүгийн болон бизнесийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын 300 орчим төлөөлөгчид “Баянгол Бизнес Форум 2026 – Бизнесээ сонсъё, шийдлийг хамтдаа бүтээе” арга хэмжээнд оролцлоо.

Энэхүү форумыг Баянгол дүүргийн Ардчилсан нам, бизнесийн холбоод болон бизнесийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудтай хамтран санаачилж, зохион байгуулав. Тус арга хэмжээний гол зорилго нь дүүргийн бизнес эрхлэгчдийн өмнө тулгамдаж буй асуудал, бизнесийн орчны бэрхшээлүүдийг сонсож, бодлогын болон практик шийдлийг хамтран хэлэлцэх, цаашлаад оролцогчдыг банк, санхүүгийн байгууллага, мэргэжлийн зөвлөх байгууллагуудтай холбох явдал байв.

Форумыг нээж УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн, Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга О.Амгаланбаатар, УИХ-ын гишүүн Д.Энхтуяа нар үг хэлэв. АН-ын дарга О.Цогтгэрэл хэлсэн үгэндээ эдийн засгийн хөгжилд хувийн хэвшил, тэр дундаа жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үүрэг онцгой чухал болохыг цохон тэмдэглээд ажлын байр, татварын орлого, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгоход тэдний хувь нэмэр маш их болохыг дурдлаа. Түүнчлэн, тэрээр бизнесийг дэмжсэн бодлогыг баялаг бүтээгчдийн бодит хэрэгцээ, шаардлагад нь тулгуурлан боловсруулах хэрэгтэйг тэмдэглэлээ.
Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга О.Амгаланбаатар “Өөрийн хүч хөдөлмөрөөр бизнесээ авч яваа хүмүүс маш хүнд замыг туулж байна. Албан тушаалтнуудад олгогдсон давуу эрх, боломжтой өрсөлдөх амаргүй. Сүүлийн 10 жилд улс төрийн нөлөө, хамаарлаар давуу байдал олж авсан компаниуд амжилттай ажиллах нөхцөл бүрдсэн. Үүнийг өөрчлөхгүй бол нийгмийн бухимдал улам нэмэгдэнэ. Тиймээс иргэн бүрд тэгш боломж олгож, шударга өрсөлдөөнийг бий болгохын төлөө Ардчилсан нам ажиллана. Үүний тулд 2027, 2028 оны сонгуульд дараалан ялах учиртай” гэв.
Харин Баянгол дүүргийн Ардчилсан намын Дэд дарга Д.Энхтуяа “Ардчилсан намын бодлогын үндсэн чиглэл болох эдийн засгийн эрх чөлөө, хувь хүний эрх чөлөө, шударга ёс, улс төрийн эрх чөлөө, үндэсний эрх чөлөө гэсэн таван зарчмыг бодлого, үйл ажиллагаандаа тунхагласан. Эдгээр эрх чөлөөний төлөө Ардчилсан намын гишүүд, дэмжигчид үеийн үед тэмцэж ирсэн. Ардчилсан намын бүлэг Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-аар батлуулсан. Энэ хууль нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг бодит амьдралд хэрэгжүүлэхэд чиглэж байгаа юм. Баялаг бүтээгчдээ дэмжиж, шударга ёсыг тогтоон, эдийн засгийн эрх чөлөөг бодитоор хангах нь чухал. МАН авлигад идэгдсэн бол Ардчилсан нам баялаг бүтээгчдийг дэмждэг. Эрх баригч намын хулгайн хэргүүд хариуцлага хүлээсэн үү гэвэл үгүй. Харин энэ бүгдийг Ардчилсан намын бодлого засна гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Үргэлжлүүлэн Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Л.Баян-Алтай “Баянгол дүүргийн бизнесийн орчин, өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр илтгэл тавьсан юм.
Арга хэмжээний үеэр “Баянгол дүүргийн бизнесийн орчин: өнөөгийн нөхцөл” сэдвээр танилцуулга хийж, бизнесүүдээс авсан асуулгын урьдчилсан үр дүнг хэлэлцүүлгийн суурь болгон ашиглав. Хэлэлцүүлгийн эхний хэсэгт бизнес эрхлэгчид өөрсдийн үйл ажиллагаанд тулгарч буй бодит хүндрэл, шийдлийн саналаа хуваалцсан бол дараагийн хэсэгт бизнесийн орчныг сайжруулах бодлогын болон хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээг хэлэлцлээ.
Форумын өмнө Баянгол дүүргийн жижиг дунд бизнесүүдийн дунд явуулсан судалгаагаар оролцогчдын 85 хувь нь яаралтай эсвэл ойрын 12 сард санхүүжилт шаардлагатай гэсэн бол 45 хувь нь сүүлийн хоёр жилд бизнесийн үйл ажиллагаа нь буурсан гэж хариулжээ. Судалгаанд зээлийн хүү өндөр, барьцаа хөрөнгө, банкны шалгуур зэрэг санхүүжилтийн саад, татвар, НДШ, зөвшөөрөл ба төрийн үйлчилгээний хүндрэл олон удаа давтагдан гарчээ. Бизнесүүд мөн борлуулалт, зах зээлээ өргөжүүлэх, ажиллах хүчээ бүрдүүлэх, төрийн болон томоохон байгууллагын худалдан авалтад оролцох мэдээлэл авах хэрэгцээг илэрхийлсэн байна.
Арга хэмжээний үеэр бизнесийн амжилтын туршлага, санхүүжилт болон зөвлөх үйлчилгээний боломжуудыг танилцуулж, оролцогчдын хоорон бизнес уулзалтуудыг зохион байгуулав. Энэ хүрээнд оролцогчид банк, санхүүжилт, бизнес төлөвлөгөө, маркетинг, экспорт, зах зээл, татвар, хууль эрх зүйн чиглэлийн үйлчилгээ үзүүлэгчидтэй шууд холбогдох боломжтой байлаа.
“Баянгол Бизнес Форум 2026” арга хэмжээ тавьсан зорилгоо амжилттай хэрэгжүүлж, олон бизнес эрхлэгчдийн дуу хоолойг сонсох, тэдэнд тулгамдаж буй нийтлэг асуудалыг тодорхойлж, боломжит шийдлүүдийг хамтран хэлэлцсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо. Цаашид форумын үеэр гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн бодлогын түвшинд хүргүүлэхийн зэрэгцээ Баянгол дүүргийн АН-аас бизнес эрхлэгчдэд чиглэсэн хэлэлцүүлэг, уулзалт арга хэмжээг тогтмол зохион байгуулах ажээ.




