Хүүхэд, өсвөр үеийнхний өмнө тулгамдаж буй асуудал, хэрэгцээ шаардлагыг тэдний өөрсдийн оролцоотойгоор тодорхойлох, санал санаачилгыг нь сонсох, асуудалд шийдэл боловсруулах, улмаар хүүхдийн дуу хоолойг төр, төрийн бус байгууллага болон шийдвэр гаргагчдад хүргэх тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай байна.
Иймээс “Сонсъё-оролцуулъя-хамтдаа шийдье” уриан дор “Бидний дүүрэг-Бидний дуу хоолой хүүхдийн чуулган”-ыг өнөөдөр зохион байгууллаа.


Чуулганд Монгол Улсын Их Хурлын гишүүн бөгөөд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн Тэргүүн И.Баттөгс мөн Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн суралцагчид, Хүүхдийн зөвлөлийн төлөөлөл, төрийн болон холбогдох байгууллагын албан тушаалтнууд, хамтран ажиллагч байгууллагууд зэрэг 500 гаруй хүн оролцлоо.


Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангахад тулгамдсан асуудлыг хүүхдийн оролцоотойгоор тодорхойлох, хүүхдийн эрхийг хангаж, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэхэд тэдний санал, санаачилгыг сонссон юм.
Мөн энэ үеэр Баянзүрх дүүргийн “Хүүхдийн элч”-ээр Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхжин, Гэгээн Энхийн туяа НҮТББ-ыг үүсгэн байгуулагч О.Энхтамир, Баянзүрх дүүргийн Хүүхдийн зөвлөлийн дэд тэргүүнээр НЕБ-ын 14 дүгээр сургуулийн 12-р ангийн сурагч А.Содбилэг нар тус тус сонгогдлоо.



“Бидний дүүрэг-Бидний дуу хоолой хүүхдийн чуулган”-ы үр дүнд:
Хүүхдийн хөгжил, эрх хамгааллын чиглэлээр тулгамдаж байгаа асуудлууд, санал санаачилгыг дэмжиж ажиллахыг уриалж, “Баянзүрх дүүргийн Хүүхдийн зөвлөлийн илгээлт-2026” уриалгыг салбар бүрийн бодлого төлөвлөлтөд тусган хэрэгжүүлснээр хүүхдийн эрхийн хэрэгжилт сайжирна.


Төрийн холбогдох байгууллага болон хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус, Олон Улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоо сайжирна.
Хүүхдийн оролцооны байгууллагуудын үйл ажиллагаа эрчимжиж, хүүхдийн бодит оролцох эрх хангагдсанаар бусад эрхээ хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.
Мөн чуулганаас гарсан санал, санаачилгыг нэгтгэн боловсруулсан “БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН ЗӨВЛӨЛИЙН ИЛГЭЭЛТ – 2026” уриалгыг Баянзүрх дүүргийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн Тэргүүн И.Баттөгсөд гардууллаа.




