Төрийн их баяр наадам адуун сүргийн манлай азарганы уралдаанаар эхэлдэг. Түмэн олны сэтгэл догдолж, хурдан морьдын туурай газар дэлсэхэд уясан эзэн, унасан хүүхэд, дэмжигчдийн зүрх нэгэн хэмнэлээр цохиолдог. Хэн нь бариан зүг түрүүлж гарч ирэх бол, хэний морь магнайдаа тоосгүй ирэх бол гэдэг таамаг, хүлээлт наадмын өмнөх өдрүүдэд улам ширүүсдэг. Улс төрд ч бас ийм нэгэн уралдаан эхэлж, зургаан жилийн бүрэн эрхийг горилогчид зурхайн зүг хөдөлж байна.
У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох нөхцөл үүссэнээр Монголын улс төрийн календарьт байсан 2027 оны сонгуулийн цаг тоолол гэнэт наашилж, дараагийн төрийн тэргүүний төлөөх өрсөлдөөн хэдэн сарын өмнө эхлэхээр болов. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгч, УИХ түүний бүрэн эрхийг дуусгавар болгох асуудлыг шийдвэрлэв.
Үндсэн хууль болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар төрийн тэргүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон тохиолдолд ээлжит бус сонгуулийг дөрвөн сарын дотор зохион байгуулах учиртай. Энэ нь ирэх оны гуравдугаар сарын дотор шинэ Ерөнхийлөгчийг сонгох шаардлага үүсгэж байна. Уг нь шинэ оны нэгдүгээр сарын нэгнээс олон нийтийн анхааралд бага багаар орж, цагаан сарын дараа улс төрийн халуурал эхэлж, тавдугаар сард сонгуулийн галзуурал чинээндээ тулж, зургаадугаар сарын сүүлээр тайлал тодорхой болох байсан сонгуулийн марафон ийнхүү наашиллаа.
Хаврын анхны яргуй цухуйхтай зэрэгцэн шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болж мэдэх нь. Өвлийн улс төрийн хүйтэн жавар дунд эхэлсэн энэ өрсөлдөөн хаврын эхэнтэй хамт тайлагдах магадлалтай. Сонгууль наашилна гэдэг зөвхөн хугацаа богиносож байгаа хэрэг биш. Улс төрийн намуудын дотоод тооцоо, нэр дэвшигчийн сонголт, сонгуулийн штабын бэлтгэл, олон нийтийн сэтгэл зүй, өрсөлдөгчийнхөө боломжийг судлах ажил бүгд шахуу хугацаанд өрнөх болно. Тиймээс энэ удаагийн сонгууль өмнөх сонгуулиудаас илүү хурдан, илүү гэнэтийн нүүдэлтэй, улс төрийн олон тооцоо зэрэг давхцсан өрсөлдөөн болох төлөвтэй.
Ерөнхийлөгчийн сонгууль бол харизма, танигдсан байдал, улс төрийн
зангарагийн тулаан
УИХ-д суудалтай намуудын дунд нэр дэвших боломжтой хүмүүсийн тухай яриа аль хэдийн эхэлжээ. МАН-аас Ерөнхий сайд асан Г.Занданшатар, Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр нарын нэр улс төрийн хүрээнд яригдаж байна. Гэхдээ нэр яригдаж байна гэдэг албан ёсоор нэр дэвшсэн гэсэн үг биш. Намын шийдвэр, дотоод өрсөлдөөн, улс төрийн тохироо эцсийн сонголтыг тодорхойлно.
Ардчилсан намаас Н.Алтанхуяг, Лу.Гантөмөр, Д.Ганбат нар нэр дэвших хүсэлтээ илэрхийлж, намынхаа сонгон шалгаруулалтад оролцохоор мэдэгдсэн байна. Нөгөө талаар АН-ын дотоод сонголтод О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж зэрэг улстөрчдийн нэр ч яригдаж байгаа бөгөөд намын эцсийн шийдвэр гарсны дараа өрсөлдөөний бодит дүр зураг тодорно.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсийн тухай судалгаа, тандалт ч сонгуулийн өмнөх улс төрийн уур амьсгалыг тодорхой хэмжээнд харуулж байна. Үндэсний хэмжээний судалгаануудын заримд Г.Занданшатар, Н.Алтанхуяг нар нам тус бүрийн боломжит нэр дэвшигчдийн дунд өндөр үзүүлэлттэй гарсан тухай мэдээлжээ.
"National Opinion" байгууллагын 2026 оны наймдугаар сарын судалгаанд МАН-аас нэр дэвшвэл Г.Занданшатарыг 22.7 хувь, С.Бямбацогтыг 10.23 хувь, Л.Энх-Амгаланг 5.06 хувь нь нэрлэсэн бол АН-аас Н.Алтанхуягийг 18.88 хувь, О.Цогтгэрэлийг 7.37 хувь, Х.Баттулгыг 5.72 хувь нь нэрлэжээ. Энэ бол сонгуулийн саналын эцсийн дүн биш, харин нам тус бүрээс хэнийг нэр дэвшвэл дэмжих тухай нээлттэй асуултын хариу. Тиймээс МАН, АН-ын үзүүлэлтүүдийг хооронд нь шууд харьцуулж, сонгуулийн ялагчийг урьдчилан тодорхойлох боломжгүй. Гэхдээ нам доторх нэр дэвшигчдийн эрэмбэ, олон нийтийн танигдалт, боломжит дэмжлэгийн талаар тодорхой зураг өгч байна.
Ерөнхийлөгчийн сонгууль бол харизма, улс орны хэмжээнд танигдсан байдал, олон нийтийн хүлээн зөвшөөрөл, улс төрийн зангарагийн тулаан. Харизма гэдэг нь бусдыг өөртөө соронз мэт татах чадвар, олон нийтийн итгэлийг өөртөө төвлөрүүлэх чанар юм. Намын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын дарга зэрэг өндөр албан тушаал хашиж байсан хүн, эсвэл нийгэмд асар их нөлөө бүхий хүн нэр дэвшихэд давуу талтай байдаг.
Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх таамаг, улс төрийн аналитик асуудлыг хөндөж байгаа цөөнгүй хүмүүс байна. Тэр дунд нэг хэсэг сөрөг хүчний эмэгтэйчүүдийн манлайлал байж, УИХ-ын гишүүн, сайдын албан тушаал хашиж, төрийн өндөр албан тушаалтнуудын зөвлөх, туслах хийж байсан Ц.Оюунгэрэлийн сүүлийн үед нийтэлж байгаа улс төрийн аналитик судалгаанууд олон нийтийн анхаарлыг татаж байна. Тэрбээр “МАН-ын хувьд Г.Занданшатар нэр дэвших магадлал өндөр гэж олон хүн үзэж байна. УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Бямбацогт нэр дэвшихгүйгээ албан ёсоор зарласнаар энэ таамаг улам хүчтэй болж байгаа юм. Б.Жавхлангийн нэр ч яригдаж байгаа боловч өөрөө албан ёсоор нэр дэвших сонирхлоо илэрхийлсэн эсэх нь тодорхойгүй.
МАН судалгаа, тандалт дээр тулгуурлан сонгуулийн тактикаа боловсруулдаг нам. Олон нийтийн дэмжлэг хамгийн өндөр байгаа хүнээ биш, өөр хүнийг нэр дэвшүүлж, сонгуулийн өрсөлдөөнд эрсдэл үүсгэх нь намын хувьд хүнд шийдвэр байх болно. Г.Занданшатар бусад горилогчдоос олон нийтийн танигдалт, судалгааны үзүүлэлтээрээ илүү байгаа тухай хэд хэдэн судалгааны мэдээлэл гарсан. Тиймээс ижил тэнцүү хоёр нэр дэвшигч нүүр тулсан сонгууль л олон нийтийн анхаарлыг татаж, сонгогчдыг санал өгөхөд хүргэдэг.
Мэдээж намын дотоод тохироо, судалгааны үр дүн, өрсөлдөгчдийн хүч, сонгуулийн өмнөх улс төрийн үйл явдал эцсийн сонголтод нөлөөлнө. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч хүн өмнө нь хийсэн ажлаа тайлбарлахаас гадна ирээдүйд ямар төрийн тэргүүн байх вэ гэдгээ сонгогчдод ойлгуулах шаардлагатай. Төрийн бодлого, улс орны хөгжлийн чиглэл, үндэсний аюулгүй байдал, гадаад харилцаа, ард түмний амьдралд нөлөөлөх асуудлууд дээр өөрийн байр суурийг тодорхой илэрхийлэх нь чухал.
АН-ын хувьд нэр дэвшигчийн сонголт илүү төвөгтэй байна. Н.Алтанхуяг бол танигдалт өндөртэй, Ерөнхий сайд болон АН-ын даргаар ажиллаж байсан улстөрч. Судалгаанд түүний нэр нам дотроо өндөр үзүүлэлттэй гарч байгаа нь сонгуулийн өрсөлдөөнд давуу тал болж болох юм. Лу.Гантөмөрийн хувьд АН-ын даргаар ажиллаж байсан, Боловсролын сайдын албыг хашиж байсан, мөн улс төрийн олон маргаантай шийдвэрийн үеэр намын удирдлагын түвшинд оролцож байсан хүн. Түүний танигдалт муу биш ч намын даргын хувьд хийсэн шийдвэрүүд нь сонгуулийн үед эерэг болон сөрөг үнэлгээ дагуулж болно.
Д.Ганбатын хувьд УИХ-ын гишүүнээр ажилласан туршлага, олон нийтийн дунд танигдсан байдал байгаа боловч үндэсний хэмжээний сонгуулийн өрсөлдөөнд ямар дэмжлэг авч чадах нь тодорхойгүй. Б.Пүрэвдорж, О.Цогтгэрэл зэрэг улс төрчдийн нэр ч АН-ын сонгуулийн боломжит хувилбаруудын дунд яригдаж байгаа. Гэвч нэр дэвших хүсэл, намын дотоод дэмжлэг, судалгааны үзүүлэлт, сонгуулийн штабын зохион байгуулалт зэрэг нь өөр өөр хүчин зүйл. АН-ын хувьд хамгийн том сорилт нь зөвхөн нэр дэвшигчээ тодруулах биш, харин сонгогчдын итгэлийг нэг хүн дээр төвлөрүүлж, намын дотоод зөрчил, хуваагдлыг даван гарах явдал юм.
Нөгөөтэйгүүр сонгуулийн өрсөлдөөнд ирц өндөр байх нь чухал. Энэ талаар Ц.Оюунгэрэл “Ижил тэнцүү хоёр нэр дэвшигч нүүр тулсан сонгууль л олон нийтийн анхаарлыг татаж, сонгогчдыг санал өгөхөд хүргэдэг. Наадмын дэвжээнд хоёр аварга барилдахад хотлоороо дагаж, үнээ тугал нийлэхийг хүртэл мартан нүд чих тавьж, уулга алддаг бол улсын заан бөх арван жилийн амны хүүхэдтэй барилдахад танидаг хэдээс нь өөр хэн ч тоож сонирхдоггүйтэй адил.
"Хэрэв Г.Занданшатар, Н.Алтанхуяг хоёр нүүр тулбал үзээтэй сонгууль болж магадгүй” гэж бичсэн байна лээ. Гэхдээ сонгуулийн өрсөлдөөнд зөвхөн хоёр намын нэр дэвшигч биш, бусад нам, эвслийн нэр дэвшигчид ч нөлөөлнө.
Санал хуваах, гуравдагч хүчний дэмжлэг, сонгогчдын шийдвэргүй байдал, сонгуулийн ирц зэрэг хүчин зүйлс үр дүнд өөрчлөлт оруулж болно. Тиймээс өнөөдрийн судалгааны үзүүлэлтээр зургаан жилийн бүрэн эрхийн эзнийг тодорхойлох боломжгүй. Нөгөөтэйгүүр энэ бол зөвхөн Ерөнхийлөгчийн сонгууль биш. Монголын улс төрийн дараагийн зургаан жилийн чиг хандлагыг тодорхойлох өрсөлдөөн. Ерөнхийлөгчийн институцийн эрх мэдэл, улс төрийн нөлөө, намын дотоод зохион байгуулалт, төрийн бодлогын залгамж чанар, гадаад харилцааны чиглэл зэрэг олон асуудал сонгуулийн үр дүнтэй холбоотой.
Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүн ямар шалгуурыг хангах ёстой вэ гэдэг асуудал чухал. Төрийн тэргүүн бол зөвхөн улс төрийн намын нэр дэвшигч биш, Монгол Улсыг төлөөлөх хүн. Энэ утгаараа төр, нийгмийн нэр зүтгэлтнүүдийн хэн нь юу гэж хэлсэн талаар энд товчхон сийрүүлье.
Тухайлбал, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Гомбожав гуай “Ерөнхийлөгчид нэр дэвших хүн таван үндсэн шалгуурыг хангах ёстой. Төрийн тэргүүн хүн аливаа ажлын ард гардаг, хэлсэн бол хийдэг, зоригтой шийдвэр гаргадаг, боловсрол мэдлэгтэй, төрийн ажлын туршлагатай, ёс зүйтэй, шударга байх ёстой” хэмээн ярьжээ. Ж.Гомбожав гуйан хэлсэнчлэн улс төрд зоригтой хүн л амжилт гаргаж, ард түмнийхээ итгэлийг зүтгэлээр хариулдаг гэдэг үнэн. Хөдөлмөрийн баатар, Ардын багш, шинжлэх ухааны доктор, профессор С.Дулам гуай ч төрийн тэргүүний албыг хаших хүний хувьд удам судраас эхлээд мэдлэг мэргэжил, төрийн ажлын туршлага онцгой чухал гэжээ. Г.Занданшатарыг төрийн тэргүүний албыг хаших хүний хувьд удам судраас эхлээд мэдлэг мэргэжил, төрийн ажлын туршлага онцгой чухал гэж үнэлжээ.
Сонгуулийн зурхайн зүгээс түрүүлж гарсан хүн заавал барианд түрүүлнэ гэсэн үг биш
Сонгуулийн өрсөлдөөнд эдгээр чанар бодит дэмжлэг болж хувирах эсэх нь нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр, олон нийтийн итгэл, улс төрийн нөхцөл байдлаас хамаарна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч бүр өөрийн хийсэн ажил, алдаа, амжилт, ирээдүйн төлөвлөгөөг сонгогчдод тайлбарлах шаардлагатай. Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших, хэн ялалт байгуулахыг өнөөдөр эцэслэн хэлэхэд эрт. Нэр дэвшигчдийн албан ёсны сонголт хараахан бүрэн тодроогүй, сонгуулийн штабын ажил эхлээгүй, иргэдийн санал бодол өөрчлөгдөх боломжтой. Гэхдээ улс төрийн өрсөлдөөн эхэлсэн нь тодорхой. Нэр дэвших магадлалтай хүмүүсийн улс төрийн карьераас эхлээд олон нийтийн дэмжлэг, намын зохион байгуулалт, сонгуулийн тактик, ирцийн асуудал хүртэл олон хүчин зүйл энэ удаагийн сонгуулийн үр дүнг тодорхойлох болно.
Төрийн их баяр наадам адуун сүргийн манлай азарганы уралдаанаар эхэлж, ард түмэн догдлон хүлээдэг. Энэ жил хэний морь түрүүлж, унасан хүүхэд, уясан эзнээ баярлуулах бол гэдэг нь наадмын хамгийн сонирхолтой мөч. Харин улс төрийн энэ уралдаанд зургаан жилийн бүрэн эрхийн төлөө зурхайн зүг хөдөлж буй горилогчид хэн нь хэн бэ, хэний улс төрийн замнал, хэний харизма, хэний бодлого, хэний туршлага ард түмний итгэлийг хүлээх бол?
Энэ удаагийн сонгуулийн тайлал хаврын эхэн үед тодрох магадлалтай. Гэхдээ сонгуулийн зурхайн зүгээс түрүүлж гарсан хүн заавал барианд түрүүлнэ гэсэн үг биш. Улс төрийн уралдаанд морьдын хурд шиг нэр дэвшигчийн харизма, намын зохион байгуулалт, сонгогчдын итгэл, ирц, бодлого, улс төрийн нөхцөл байдал бүгд нөлөөлнө. Тиймээс зургаан жилийн бүрэн эрхийг горилогчдын уралдааныг ажиглахад зөвхөн зурхайн зүгт гарсан байрлалаас гадна барианд хүрэх замд хэн ямар нүүдэл хийхийг харах л үлдлээ.




