Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/1345 дугаар захирамжаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын "Хангарди" спортын наадмыг аравдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 24-ний өдрүүдэд хоёр үе шаттай зохион байгуулж байна. Тус наадамд гар бөмбөг, сагсан бөмбөг, дартс, шатар, цахим спорт төрлөөр нийт 110 байгууллагын 9400 ажилтан, албан хаагч оролцож, шигшээ тэмцээн арваннэгдүгээр сарын 20-24-ний өдрүүдэд үргэлжилж байгаа юм. “Хангарди” спортын наадмын нэгдсэн нээлтийн ажиллагаа өнөөдөр “Буянт Ухаа” спортын ордонд боллоо.

НЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Б.Ууганбат “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын спортын наадмын шигшээ тоглолтууд арваннэгдүгээр сарын 20-24-ний өдрүүдэд болж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн зүгээс хүн төвтэй хөгжлийн бодлого, Шинэ үеийн Улаанбаатар бодлогын хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд иргэдийг эрүүл чийрэг байлгах, дасгал хөдөлгөөнөөр хичээллэх ээлтэй орчныг бүрдүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа.
"Хангарди" спортын наадам иргэдийн дунд олон төрлөөр зохион байгуулагдаж, 2026-2027 оны хичээлийн жилд нийт сурагчдын дунд "Улаанбаатар кап" тэмцээн үргэлжилж байна. Спортын тэмцээн, уралдаан өрсөлдөөнөөс гадна хамт олны эв нэгдэл, нөхөрсөг, найрсаг уур амьсгалыг бүрдүүлэхэд онцгой ач холбогдолтой” гэв.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг бэхжүүлэх, байгууллагуудын биеийн тамир, спортын хамтлагийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор спортын наадмыг үе шаттай зохион байгуулж байна.

Өнөөдөр "Хангарди" спортын наадмын шатар, цахим спортын шилдгүүдэд шагнал гардууллаа.
Шатрын эрэгтэйчүүдийн төрөлд 1-р байранд Монголын хүүхдийн ордоны албан хаагч Э.Энх-Амгалан, 2-р байранд Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын албан хаагч Г.Идэрбаатар, 3-р байранд Багануур дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан хаагч А.Ганбаяр шалгарлаа.
Шатрын эмэгтэйчүүдийн төрөлд 1-р байранд нийслэлийн Замын хөгжлийн газрын албан хаагч Д.Маньдарь, 2-р байранд нийслэлийн Эрүүл мэндийн газрын албан хаагч С.Саранзул, 3-р байранд Монголын Хүүхдийн ордны албан хаагч С.Цэндсүрэн шалгарав.
Цахим спортын төрөлд 1-р байранд Ус сувгийн удирдах газар, 2-р байранд нийслэлийн Эрүүл мэндийн газар, 3-р байранд ОСНААУГ-ын баг тамирчид тус тус шалгарлаа.









