Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) өнөөдөр “Хүнсний тогтолцоо ба эрүүл хөрсний өдөр” сэдвийн хүрээнд үргэлжилж байна.
Энэ хүрээнд “Эрүүл хөрс, бүтээмжтэй газар нутаг: Бодлогоос хэрэгжилт рүү” сэдэвт хэлэлцүүлгээр хөрсний эрүүл мэндийг хамгаалах, доройтсон хөдөө аж ахуйн газрыг нөхөн сэргээх бодлогыг газар дээрх бодит үр дүн болгох арга зам, улс орнуудын туршлагыг хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үеэр Бразил Улсын туршлага анхаарал татав. Тус улс 2010 оноос нүүрстөрөгч багатай, уур амьсгалд ухаалаг хөдөө аж ахуйн бодлогыг хэрэгжүүлж, сүүлийн 15 жилийн хугацаанд 37 сая гаруй га газрыг нөхөн сэргээсэн талаар төлөөлөгч танилцууллаа.
Бразилын төлөөлөгчийн онцолсноор хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх болон доройтсон газрыг нөхөн сэргээх зорилго нь хоорондоо зөрчилдөх бус, шинжлэх ухаанд суурилсан зөв бодлого, урт хугацааны тогтвортой хэрэгжилтээр зэрэг хангах боломжтой аж. Тус улсын ДНБ-ий 25 гаруй хувь хөдөө аж ахуйн салбараас бүрддэг тул газрын бүтээмж, хөрсний эрүүл мэндийг хамгаалах нь байгаль орчны төдийгүй эдийн засгийн бодлогын чухал хэсэг гэдгийг тэмдэглэв.
Мөн хэлэлцүүлэгт Гватемалын туршлагыг танилцуулж, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтолтой тэмцэх үндэсний бодлого, мэдээллийн сан, шалгуур үзүүлэлтүүд хоорондоо уялдаагүй байсан нь бодлогыг орон нутагт хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж байсныг дурдлаа. Үүний улмаас сүүлийн жилүүдэд үндэсний бодлогын баримт бичгүүд болон мэдээллийг нэгтгэж, шийдвэр гаргалтыг шинжлэх ухаан, бодит өгөгдөлд тулгуурлуулахад анхаарч байгаа аж.
Хэлэлцүүлэгт хувийн хэвшлийн байр суурийг танилцуулсан Дэлхийн тогтвортой хөгжлийн бизнесийн зөвлөл (WBCSD) хөрсний эрүүл мэндийг сайжруулах олон сайн туршлага дэлхий даяар хэрэгжиж байгаа ч тэдгээрийг нэг аж ахуй, нэг төслийн түвшнээс гаргаж, өргөн хүрээнд нэвтрүүлэх шаардлагатайг онцоллоо.
Үүний тулд төр, бизнес, санхүүгийн байгууллага болон бусад оролцогчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтын боломжтой төслүүдийг тодорхойлох, газрын нөхөн сэргээлтийн эдийн засгийн өгөөжийг хэмжих шаардлагатай гэж үзэж байна. Ялангуяа хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд урт хугацаанд тогтвортой, харилцан уялдаатай бодлого, хамтарсан хөрөнгө оруулалтын загвар, тайлагналын ойлгомжтой тогтолцоо шаардлагатайг хэлэлцүүлгийн үеэр тэмдэглэв.
COP17-ын өнөөдрийн албан ёсны хөтөлбөрт хөрсний эрүүл мэнд, нөхөн сэргээгдэх болон агроэкологийн хөдөө аж ахуйн ахицыг хэмжих нэгдсэн шалгуур үзүүлэлт боловсруулах, бэлчээрийг сэргээх, хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, хөрс болон газрын нөхөн сэргээлтэд хувийн хөрөнгө оруулалт татах асуудлууд голлон багтаж байна.
“Эрүүл хөрс, бүтээмжтэй газар нутаг” хэлэлцүүлэг нь COP16-ын 19 дүгээр шийдвэрийн дагуу боловсруулж буй UNCCD–FAO-ийн удирдамжийг танилцуулах, мөн хөдөө аж ахуйн газрын нөхөн сэргээлтийг өргөн хүрээнд хэрэгжүүлэхэд чиглэсэн RAIZ санаачилгын газрын зураглалын хэрэгслийг Бразил, Монгол гэсэн хоёр туршилтын улсын жишээгээр танилцуулах зорилготой юм.





