ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

Төрийн гурван өндөрлөг мэндчилгээндээ юу онцлов

Төрийн гурван өндөрлөг мэндчилгээндээ юу онцлов

Сар шинийн баярыг тохиолдуулан Төрийн гурван өндөрлөг ард иргэддээ мэндчилгээ дэвшүүлсэн нь агуулга, өнгө аяс, улс төрийн мессежийн хувьд тодорхой ялгаралтай байлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээ илүү бэлгэдлийн, төрт ёсны үргэлжлэл, үндэсний дархлаа, түүхэн ухамсарт төвлөрсөн шинжтэй байв. Тэрбээр Чингис хааны өв, төрийн тахилга, Хархорум хотын сэргэлт, үндэсний соёлын үнэт зүйлсийг онцлон тэмдэглэж, Монгол Улсын гадаад бодлогын амжилт, эдийн засгийн макро үзүүлэлтүүдийг дурдсан. Өөрөөр хэлбэл, түүний мессеж нь “Монгол Улс түүхэн суурьтай, бэлгэдлийн дархлаатай, олон улсын тавцанд байр сууриа бэхжүүлж буй бүрэн эрхт улс” гэдгийг илэрхийлэхэд чиглэжээ.

Ерөнхийлөгчийн хувьд тусгаар тогтнолыг соёл, төрт ёс, үндэсний бахархлын хүрээнд тодорхойлсон нь анзаарагдана. Төрийн тахилгат нуур, Чингис хааны ой, үндэсний бэлгэдлийг сэргээх зэрэг санаачилгууд нь түүхийн үргэлжлэл, төрийн институцийн тогтвортой байдлыг илтгэх агуулгатай байв.

МЭНДЧИЛГЭЭГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ЭНДЭЭС

Харин УИХ-ын дарга Н.Учралын мэндчилгээ илүү бодлогын, реформын өнгө аястай байлаа. Тэрбээр “Чөлөөлье” санаачилгыг төв болгож, хүнд суртлыг бууруулах, зөвшөөрлийн тогтолцоог шинэчлэх, татварын ачааллыг хөнгөлөх, хөрөнгө оруулалтыг хамгаалах, эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах талаар тодорхой тоо баримт, хууль эрх зүйн өөрчлөлтүүдийг дурдсан.

УИХ-ын даргын хувьд тусгаар тогтнолыг эдийн засгийн агуулгаар тайлбарласан нь онцлог байв. Түүний хэлсэнчлэн улс төрийн эрх чөлөөг эдийн засгийн эрх чөлөөгөөр баталгаажуулах, хувийн өмчийг хуульчлан хамгаалах, төрийн оролцоог хязгаарлах нь “эдийн засгийн тусгаар тогтнол”-ын гол тулгуур хэмээн тодорхойлжээ.

Дээрх хоёр мэндчилгээний ялгаа институцийн байр суурийн онцлогийг илэрхийлж байна. Ерөнхийлөгч үндэсний сүлд, түүхэн уламжлал, төрт ёсны дархлааг илүү тодотгосон бол УИХ-ын дарга эдийн засгийн чөдөр тушааг тайлах, системийн шинэчлэл хийх шаардлагыг онцолсон. Нэг нь түүхийн үргэлжлэл, нөгөө нь институцийн реформыг чухалчилсан гэж дүгнэж болохоор байна.

МЭНДЧИЛГЭЭГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ЭНДЭЭС

 

Ерөнхий сайд Г.Занданшатарын энэ жилийн сар шинийн мэндчилгээ агуулгын хувьд эв нэгдэл, түүхэн залгамж чанар, төрт ёсны уламжлалыг төвд нь тавьсан өнгө аястай байлаа. Мэндчилгээний гол цөм нь ирж буй гал морин жилд тохиох Их Монгол Улсын 820 жилийн ой байлаа. 1206 онд Чингис хаан цагаан сарыг Төрт ёсны их баяр болгосон түүхийг дурдсан нь Цагаан сарын баярыг зөвхөн уламжлал бус, төрийн институцийн суурьтай холбож тайлбарласан хэрэг юм.

Эндээс харахад, Ерөнхий сайдын мессеж нь түүхэн ой, төрт ёсны залгамж чанарыг бататгах, үндэсний эв нэгдлийг уриалах чиглэл давамгайлжээ. Мэндчилгээнд тодорхой эдийн засгийн тоо баримт, бодлогын шинэчлэл, реформын амлалт багтсангүй. Харин “галын дөл мэт мандан бадарч”, “тэнгэрийн хүлэг мэт хийморь лундаатай” гэх мэт уламжлалт ерөөлийн шинжтэй хэллэг давамгайлсан нь баярын агуулгыг улс төрийн мэдэгдлээс илүү бэлгэдэл, сэтгэл зүйн уур амьсгал руу чиглүүлжээ.

Энэ нь гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд нийгмийн тогтвортой байдал, эв нэгдлийг чухалчилсан хандлага гэж дүгнэж болно. Товчхондоо, Г.Занданшатарын сар шинийн мэндчилгээ нь түүхэн ой, төрт ёсны уламжлал, үндэсний эв нэгдлийг төвд нь тавьсан, зөөлөн, тэнцвэртэй өнгө аястай байв. Тэрбээр сорилттой жилийг хүлээн зөвшөөрч, ирэх морин жилийг хийморь, бэлгэдэл, өөдрөг хүлээлтээр угтах уур амьсгалыг бүрдүүлэхийг зорьсон нь анзаарагдлаа.

Гурван тал гурвуулаа “тусгаар тогтнол” хэмээх ойлголтыг дурдсан ч агуулгын ялгаа өөр, өөр. Ерөнхийлөгчийн хувьд соёл, төрт ёсны дархлаа, УИХ-ын даргын хувьд эдийн засгийн бие даасан байдал, Ерөнхий сайдын хувьд төрийн тогтвортой үргэлжлэлийг хадгалах утга агуулга давамгайлжээ.

Ингэснээр төрийн гурван өндөр албан тушаалтан ижил баярын мэндчилгээ дэвшүүлсэн ч өөр өөр институцийн үүрэг, бодлогын чиглэлийг тусгажээ. 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна