Тайландад байгальд ээлтэй хэрэглээг дэмжих зорилгоор зарим супермаркет уламжлалт савлагааны аргыг сэргээж, хүнсний бүтээгдэхүүнээ гадил жимсний навчаар боон худалдаалж эхэлсэн нь олон нийтийн анхаарлыг татаад байна.
Энэхүү санаачилга нь нэг удаагийн хуванцар савлагааг халж, байгальд бүрэн задардаг, химийн бодис агуулаагүй гадилын навчаар орлуулах зорилготой. Навчаар боосон мах, ногоо, жимс зэрэг бүтээгдэхүүний зураг, бичлэгүүд олон нийтийн сүлжээнд түгж, “байгальд ээлтэй энгийн шийдэл” хэмээн дэлхий даяар сайшаал хүртжээ.
Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар, гадилын навч нь:
Байгальд хоргүй, богино хугацаанд задардаг
Чийг хадгалах чадвар сайтай, хүнсийг шинээр нь байлгахад тустай
Тайланд болон Зүүн өмнөд Азид элбэг ургадаг тул орон нутгийн нөөцөд тулгуурласан тогтвортой шийдэл юм.
Мөн энэ нь Тайландын уламжлалт хоол, зах зээлийн соёлтой нягт холбоотой. Өмнө нь тус улсад хоол хүнсийг гадилын навчаар боож хэрэглэх нь түгээмэл байсан бөгөөд уг санаачилга нь орчин үеийн худалдааг уламжлалтай хослуулж буй жишээ гэж үнэлэгдэж байна.
Иргэдийн зүгээс энэхүү өөрчлөлтийг эерэгээр хүлээн авч, “хуванцаргүй дэлгүүр”-ийг дэмжин үйлчлүүлэх нь нэмэгдэж байгаа аж. Зарим худалдан авагчид үүнийг зөвхөн байгаль хамгаалах алхам бус, хүүхэд залууст эко хэрэглээний зөв дадал суулгах чухал жишээ хэмээн онцолжээ.
Гэхдээ бүх төрлийн бүтээгдэхүүнд хэрэглэхэд хадгалалтын хугацаа, ариун цэврийн стандарт зэрэг тодорхой сорилтууд байгааг супермаркетууд дурдсан байна. Тиймээс уг савлагааг эхний ээлжинд шинэхэн хүнс, өдөр тутмын бүтээгдэхүүнд туршиж байгаа бөгөөд цаашид цар хүрээг нь тэлэх боломжийг судалж буй аж.
Байгаль орчны бохирдол, ялангуяа хуванцар хаягдал дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод буй энэ үед Тайландын энэхүү туршлага нь бусад улс орнуудад хэрэгжүүлж болох энгийн хэрнээ үр дүнтэй шийдэл хэмээн үзэж буй.






