IBM компанийн мэдээллийн технологийн мэргэжилтэн Иан Клиффорд 2008 оноос хойш эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа хийх боломжгүй болж, өвчний чөлөөнд шилжжээ. Тэрбээр уг байдлыг нь хөгжлийн бэрхшээлтэй холбоотой ялгаварлан гадуурхалт хэмээн үзэж, компанийнхаа эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч амжилт олсонгүй.
Клиффорд лейкемийн онош тавигдсаны дараа 2013 онд IBM-тэй тусгай гэрээ байгуулж, тэтгэвэрт гарах хүртлээ жил бүр 54 мянга гаруй фунт стерлинг буюу өмнөх цалингийнхаа 75 хувийг тогтмол авах эрхтэй болсон байна. Энэхүү санхүүгийн багцын нийт дүн ойролцоогоор 1.5 сая фунт стерлингт хүрэхээр тооцоологджээ.
Гэвч тэрбээр 15 жилийн турш ажиллаагүй хэдий ч 2022 онд эдгээр тогтмол орлого инфляцын улмаас бодит үнэ цэнээ алдаж байна хэмээн дахин гомдол гаргасан аж.
Их Британийн хөдөлмөрийн маргааны шүүх уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 65 нас хүртлээ баталгаатай орлого авах нь ажилтанд олгогдсон “онцгой давуу тал” бөгөөд үүнийг сөрөг хандлага, ялгаварлан гадуурхалт гэж үзэх боломжгүй хэмээн шийдвэрлэжээ.






