Гадны банк Монголын зах зээлд орж ирэх асуудал идэвхтэй яригдаж буй энэ үед Япон, БНСУ болон Унгар улсын ОТП банк Монголд үйл ажиллагаа явуулах боломжтойгоо албан ёсоор илэрхийлсэн нь банк, санхүүгийн салбарт анхаарал татаж байна.
Эдгээр орны банкууд Монголын зах зээлийг сонирхож буйгаа мэдэгдсэнтэй зэрэгцэн гадаад эзэнтэй дотоодын зарим банкны зүгээс болгоомжлол, эсэргүүцлийн өнгө аяс бүхий байр суурь ил болж эхэлжээ. Салбарын эх сурвалжуудын мэдээлснээр гадны банк орж ирснээр зах зээл дэх өрсөлдөөн эрчимжиж, зээлийн хүү, шимтгэлийн орлогод шууд нөлөөлөх магадлалтай гэж үзэж байна.
Нөгөө талд бодлого тодорхойлогчид болон эдийн засагчид Монгол Улс хууль, дүрмийн бүрэн орчинтой тул гадаадын банкнуудын үйл ажиллагаанд хяналт, шаардлага тавих боломж бүрэн бий хэмээн тайлбарлаж байна. Тэдний үзэж буйгаар гадны банк орж ирэх нь санхүүгийн үйлчилгээний чанар сайжрах, дижитал технологи, олон улсын стандарт нэвтрэх эерэг үр нөлөө дагуулна.
Гадны банк оруулах асуудал олон жилийн турш яригдсан ч бодит хэрэгжилтэд хүрээгүй хэвээр ирсэн. Харин энэ удаад улс төрийн түвшинд болон тодорхой улс, банкнууд сонирхлоо илэрхийлсэн нь бодлогын шийдвэр гаргах шахалтыг нэмэгдүүлж, банкны салбар дахь ашиг сонирхлын зөрчлийг ил гаргаж эхэллээ.
Цаашид Япон, БНСУ, Унгарын ОТП банк Монголд орж ирэх эсэх нь хууль, зохицуулалтын өөрчлөлт, Монголбанкны бодлогоос шууд хамаарах бөгөөд уг асуудал олон нийтийн анхаарлын төвд хэвээр байна.





