Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах, хотын хөдөлгөөний урсгалыг задлах томоохон шийдэл хэмээн танилцуулагдаж байсан Туулын хурдны замын төслийг өнгөрөгч шөнө зогсоов. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас уг төслийг экосистемд сөрөг нөлөөтэй гэж үзэн түдгэлзүүлэх шийдвэр гаргасан.
Гэвч энэ бүхний дунд хамгийн их анхаарал татаж буй нь нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын чимээгүй байдал юм. Хотын түгжрэлийг бууруулах зорилгоор олон шийдэл дэвшүүлж ирсэн түүний хувьд Туулын хурдны зам нь бодлогын томоохон хэсэг байв. Гэтэл төслийн хувь заяа ийнхүү гэнэт эргэхэд тэрбээр албан ёсны байр суурь илэрхийлсэнгүй, ганц үг ган хийсэнгүй.
Туул гол бол нийслэлийн усны нөөц, экологийн тэнцвэрийн гол тулгуур. Түүний эрэг дагуу томоохон бүтээн байгуулалт хийх нь эрсдэл дагуулна гэдгийг мэргэжилтнүүд анхааруулсаар ирсэн. Харин нөгөө талд, жил ирэх тусам нэмэгдэж буй түгжрэл, эдийн засгийн алдагдал, иргэдийн цаг хугацааны үнэлэмж энэ төслийг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатайг ч давхар сануулж байсан.
Ийм нөхцөлд хотын удирдлагаас өнөөдөр /2026.04.08/ сэтгүүлчид байр суурийг нь тодруулах гэсэн боловч тэрбээр дуугарсангүй гарч одов. Төсөл зогссон шалтгаан тодорхой байж болох ч цаашдын гарц тодорхойгүй байна. Хэрэв Туулын хурдны замыг бүр мөсөн хэрэгжүүлэх боломжгүй гэж үзвэл түгжрэлийг бууруулах өөр ямар бодит, хэрэгжихүйц шийдэл байгааг нийслэлийн удирдлага танилцуулах ёстой. Харин эсрэгээр, байгаль орчны шаардлагад нийцүүлэн төслийг шинэчлэх боломж бий бол түүнийгээ ил тод хэлэлцүүлэх шаардлагатай.
Чимээгүй байдал бол заримдаа хамгийн том мессеж байдаг. Гэхдээ нийслэлийн иргэдийн хувьд энэ удаад чимээгүй байх нь шийдэл биш. Туулын зам гацсан нь ойлгомжтой байж болох ч хотын даргын үг хүртэл "гацсан" юм биш биз...





