Ерөнхийлөгчийн хуулийн төсөлтэй холбоотойгоор сүүлийн үед ташаа ойлголтууд гарч байгаа тул Ерөнхийлөгчийн зөвлөх бөгөөд ЕТГ-ын ХМА-ны дарга Ц.Ганзориг хуулийн төсөлд дараах агуулгууд тусгагдаагүйг тодотгожээ.
1. “Ерөнхийлөгч эрх мэдлээ нэмэх гэж байна” гэх ойлголт - ҮНДЭСГҮЙ
Хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч өөртөө шинэ эрх мэдэл нэмэх, УИХ-ын гишүүнийг “эгүүлэн татах” зохицуулалт тусгагдаагүй.
2. Үндсэн хуулийн цэц гишүүн өөрөө санаачилж “эгүүлэн татах” эрхгүй
Цэц нь зөвхөн Үндсэн хуульд зааснаар гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянаж, дүгнэлт гаргах бүрэн эрхтэй. Цэцэд улс төрийн шийдвэр гаргах, гишүүнийг эгүүлэн татах санал гаргах эрх байхгүй. Харин энэ асуудлыг Улсын Их Хурал 126 гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд олонхийн саналаар шийдвэрлэнэ.
3. Намын дарга дангаараа гишүүн “эгүүлэн татах” эрхгүй
Жагсаалтаар сонгогдсон гишүүний бүрэн эрх нь тухайн гишүүний мандаттай холбоотой бөгөөд намын даргын болон намын эрх барих дээд байгууллага үзэмжээрээ буюу намын ёс зүйн дүрмээр эгүүлэн татах зохицуулалт хуулийн төсөлд байхгүй. Үндсэн хуулиар ч ийм эрх олгогдоогүй. Харин намын дээд байгууллага санал оруулж, УИХ-д нээлттэй хэлэлцүүлэхэд УИХ-ын ёс зүйн дүрмээр авч хэлэлцэхээр тусгагдсан.
Эдгээр агуулгыг хэлэлцэж, засаж сайжруулах эсэх нь Улсын Их Хурлын 126 гишүүний онцгой бүрэн эрхийн асуудал юм. Хуулийн төслийн хүрээнд өрнөж буй санал зөрөлдөөн, байр суурийн ялгаа нь хэвийн үзэгдэл төдийгүй, ардчилсан парламентын амин сүнс билээ.
Субьектив хандлагаас илүүтэй, эрүүл, үндэслэлтэй мэтгэлцээн өрнөж, олон ургальч үзэл идэвхтэй илэрч буй нь хуулийн чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой, талархал үйл явдал юм.
Ирэх 7 хононийн Пүрэв гарагийн чуулганаар уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг зөвхөн УИХ шийдвэрлэнэ” гэжээ.




