ШУУРХАЙ МЭДЭЭ:

COP17-ын гурав дахь өдрийн гурван хэлэлцүүлгээр бэлчээрийн мал аж ахуйд тулгарч буй бэрхшээл, сорилтыг даван туулах гарц, шийдлийг танилцууллаа

Улс төр

Ээлжит бус чуулган зарлах эсэх нь АН, МАН-ын улс төрийн харилцааг шалгах эхний сорилт болно

Ээлжит бус чуулган зарлах эсэх нь АН, МАН-ын улс төрийн харилцааг шалгах эхний сорилт болно

УИХ-ын намрын ээлжит чуулган есдүгээр сарын 15-нд эхлэх хуулийн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, парламентын намрын улс төр эхлэх өдөр тодорхой. Гэвч энэ удаагийн намрын чуулган ердийн хуваарийн дагуу эхлэх үү, эсвэл түүнээс өмнө ээлжит бус чуулган зарлаж, төсвийн тодотголыг хэлэлцэх үү гэдэг асуудал улс төрийн хүрээнд анхаарлын төвд байна.

Учир нь Засгийн газар 2026 оны төсөвт тодотгол хийх хуулийн төслөө наймдугаар сарын 20-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Тодотголоор төсвийн зардлыг 1.4 их наяд төгрөгөөр бууруулах зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөсөн. 

Харин сөрөг хүчин болох Ардчилсан нам үүнийг намрын ээлжит чуулганыг хүлээлгүйгээр хэлэлцэх ёстой гэсэн байр суурь илэрхийлж, ээлжит бус чуулган зарлахыг эрх баригчдаас удаа дараа шаардаж байгаа. АН-ын хувьд төсвийн нөхцөл байдал, алдагдал, төрийн зардал, иргэдийн амьжиргаатай холбоотой асуудлыг парламент яаралтай хэлэлцэх шаардлагатай гэж үзэж буй. 

Ингэснээр есдүгээр сарын 2-нд буюу маргааш УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурал ээлжит бус чуулган зарлах эсэхээс гадна эрх баригчид сөрөг хүчний улс төрийн шахалтад ямар хариу өгөх вэ гэдгийг харуулах эхний том цэг болж байна.

-АН-ын шахалт зөвхөн төсвийн асуудал биш-

АН-ын зүгээс ээлжит бус чуулган зарлах шаардлага тавьж байгаа нь зөвхөн төсвийн тодотголыг хурдан хэлэлцүүлэх гэсэн шаардлагаар хязгаарлагдахгүй. Сөрөг хүчний хувьд парламентын чуулганыг хугацаанаас нь өмнө хуралдуулахыг шаардаж байгаа нь эрх баригчдыг парламентын хяналт, сөрөг хүчний байр суурийг хэр зэрэг хүлээн зөвшөөрч байгааг сорьж буй улс төрийн алхам гэж харж болно. 

АН-ын бүлгийн зүгээс Засгийн газрыг огцруулах асуудлыг ч улс төрийн түвшинд хэд хэдэн удаа ярьж, бүлгийн гишүүдийн бараг 99 хувь нь гарын үсэг зурсан гэх мэдэгдлийг хийсэн. Тиймээс төсвийн тодотголыг яаралтай хэлэлцүүлэх шаардлага нь цаашдын Засгийн газрын асуудалтай огтлолцож байна.

Өөрөөр хэлбэл, ээлжит бус чуулган зарлагдвал парламентын танхимд зөвхөн төсөв яригдаад зогсохгүй Засгийн газрын үйл ажиллагаа, төсвийн бодлого, цаашлаад Засгийн газрыг огцруулах улс төрийн асуудал зэрэгцэн тавигдах эрсдэлтэй. Энэ нь эрх баригчдын хувьд хамгийн гол болгоомжлох цэг.

-Ээлжит бус чуулган зарлавал улс төрийн хөзөр АН-д шилжих үү-

Хэрэв маргааш УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл ээлжит бус чуулган зарлахыг дэмжвэл АН-ын тавьсан шаардлагын нэг биелж байна гэсэн үг.

Ингэснээр сөрөг хүчин “парламент ажлаа хийх ёстой” гэсэн улс төрийн мессежээ тодорхой хэмжээнд хэрэгжүүлж чадна. Төсвийн тодотголыг хэлэлцүүлэх асуудал ч АН-ын шаардаж байсан хугацаанд ойртож ирнэ.

Гэхдээ нөгөө талаас эрх баригчид ч үүнийг өөрсдийн улс төрийн давуу тал болгон ашиглах боломжтой. Засгийн газар өөрөө төсвийн тодотголоо өргөн барьсан. Тиймээс тодотголыг парламент хурдан хэлэлцэх нь Засгийн газарт ч шаардлагатай.

Иймээс ээлжит бус чуулган зарлах нь зөвхөн АН-ын шаардлагыг биелүүлсэн хэрэг гэж харахад бас өрөөсгөл. Засгийн газар өөрөө өргөн барьсан төсвийн тодотголоо шуурхай хэлэлцүүлэх сонирхолтой байх нөхцөл нэгэнт үүссэн.

-Харин татгалзвал өөр дохио өгнө-

Нөгөө хувилбар нь ээлжит бус чуулган зарлахгүй, намрын ээлжит чуулганыг есдүгээр сарын 15-нд товлосон хугацаанд нь эхлүүлэх. Энэ тохиолдолд эрх баригчдын тайлбар нь “УИХ-ын намрын чуулган хуулийн дагуу есдүгээр сарын 15-нд эхэлнэ, төсвийн тодотголыг тухайн хугацаанд хэлэлцэх боломжтой” гэсэн байр суурь илэрхийлэх магадлалтай.

Үүнийг дан ганц АН-ын шаардлагыг үл тоосон хэрэг гэж дүгнэхэд мөн учир дутагдалтай.

Учир нь парламентын ажлыг зөвхөн сөрөг хүчний шаардлагаар бус, хуульд заасан хуваарь, хэлэлцэх асуудлын дараалал, гишүүдийн бэлтгэл зэрэгтэй уялдуулах шаардлагатай. Түүнчлэн төсвийн тодотголыг яаравчлан хэлэлцэхээс өмнө гишүүд, байнгын хороод, төсвийн байгууллагуудын түвшинд тооцоо судалгааг нягтлах шаардлага бий.

Гэхдээ улс төрийн өнцгөөс харвал ээлжит бус чуулганаас татгалзсан шийдвэр АН-д бас нэг боломж өгнө. Сөрөг хүчин үүнийг “эрх баригчид парламентын ажлыг гацааж, төсвийн бодит нөхцөлийг хэлэлцэхээс зайлсхийж байна” гэсэн мессеж болгон ашиглах боломжтой.

Тиймээс эрх баригчдын хувьд энд зөвхөн хууль, процедурын шийдвэр бус, улс төрийн коммуникацийн асуудал давхар яригдана. 

МАН-ын гишүүдийн хувьд өөр нэг тооцоо бий. Эрх баригч намын гишүүд бүгд ээлжит бус чуулганыг хүлээж буй байр суурьтай гэж харах боломжгүй.

УИХ-ын гишүүдийн нэг хэсэг нь энэ өдрүүдэд орон нутагт ажиллаж, сонгогчидтой уулзаж, иргэдийн санал хүсэлтийг сонсож байгаа. Тойргийн гишүүдийн хувьд ирэх оны төсөв хэлэлцэхийн өмнө орон нутагт тулгамдсан асуудлаа газар дээр нь сонсох, эрэмбэлэх, төсөвт тусгуулах шаардлага бий.

Ялангуяа намрын чуулганаар 2027 оны төсвийн асуудал улс төрийн хамгийн том сэдвүүдийн нэг болно. Ийм нөхцөлд гишүүд тойрогтоо ажиллах хугацаагаа аль болох ашиглах сонирхолтой байгаа нь ойлгомжтой.

-Намрын улс төрийг хэн эхлүүлэх вэ-

Ингээд харахад, есдүгээр сарын 2-нд хуралдах Зөвлөлийн шийдвэр нэг талаас процедурын, нөгөө талаас улс төрийн ач холбогдолтой.

Ээлжит бус чуулган зарлавал намрын улс төрийн хөшгийг есдүгээр сарын 15-ныг хүлээлгүй татна. Парламентын танхимд төсвийн тодотгол орж ирэхийн зэрэгцээ Засгийн газрын үйл ажиллагаанд тавих сөрөг хүчний шахалт эрчимжиж, улмаар огцруулах асуудал дахин улс төрийн хэлэлцүүлгийн төвд орж ирэх боломжтой.

Харин ээлжит бус чуулган зарлахгүй бол эрх баригчид намрын ээлжит чуулганыг хуулийн хугацаанд нь эхлүүлж, асуудлыг тогтсон дарааллаар шийдэх хувилбарыг сонгож байна гэсэн үг.

Гэхдээ энэ хоёрын аль нь ч улс төрийн хувьд үнэ төлбөргүй шийдвэр биш. Ээлжит бус чуулган зарлавал АН-ын шахалт үр дүнд хүрч байна гэсэн мессеж үүснэ. Харин зарлахгүй бол сөрөг хүчний шаардлагыг үл ойшоож байна гэсэн улс төрийн тайлбар гарах эрсдэлтэй.

Тиймээс маргааш гарах шийдвэрийг зөвхөн “чуулган хэзээ хуралдах вэ” гэсэн асуултаар хэмжих боломжгүй. Үүний цаана эрх баригч МАН сөрөг хүчинтэй ямар харилцаатай байх вэ, парламент дахь улс төрийн сөргөлдөөнийг хэр зэрэг хурцатгах вэ, Засгийн газраа хамгаалах уу эсвэл сөрөг хүчний тодорхой шаардлагыг хүлээн авах уу гэсэн илүү том улс төрийн тооцоо бий.

Тиймээс ээлжит бус чуулган зарлах эсэх нь өөрөө намрын улс төрийн эхлэл биш байж болох ч, ямар шийдвэр гарснаас шалтгаалан намрын улс төрийн эхний өнгө тодорхой болох нь.

Товчхондоо, энэ удаагийн асуудлын гол зангилаа нь төсөв мэт боловч цаанаа эрх баригчид сөрөг хүчний шахалтыг хэрхэн хүлээж авах вэ, сөрөг хүчин тэр шахалтаа хэр үр дүнтэй улс төрийн акц болгох вэ? гэсэн хоёр талын тоглолт болж байна.

Ш.Адъяамаа 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна