УИХ-ын гишүүн Ц.Баатархүү шатахууны хангамж, бензиний хомсдолтой холбоотой асуудлаар холбогдох албаныхан зохих бэлтгэл хангаагүй гэж мэдэгдлээ.
Тэрбээр, бензиний хомсдол үүсэх эрсдэл бий болохыг Засгийн газар урьдчилан мэдэж байсан атлаа стратегийн нөөцөө бүрдүүлэхийн оронд өөр ажилд анхаарлаа хандуулсан хэмээн шүүмжлэв.
Ц.Баатархүү "Бензин ховордохыг Засгийн газар мэдэж байсан. Нөөц бүрдүүлэхийн оронд бүгд л онгоц унаад наадам хэсээд байсан" хэмээн байр сууриа илэрхийлэв.
Мөн тэрбээр Ерөнхий сайд асан С.Баярын "битгий улстөрж" гэсэн байр сууринд хариу өгч, "Танай нам засаг бариад 10 жил болж байгааг мэдэж байна уу" хэмээн шүүмжилжээ.
Түүнчлэн шатахууны хомсдлыг гадаад нөхцөл байдалтай холбон тайлбарлаж буйг үгүйсгэн, "Дайн буруутай гэнэ. Дайн гараад дөрвөн жил гаруй болж байна. Иргэд буруутай гэнэ. Урин дулаан цагт иргэд аялж, зугаалах нь зөв шүү дээ" хэмээн хэлсэн байна.
Тэрбээр мөн олон жил яригдсан газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг хөндөж, "2025 онд ашиглалтад орно гэж байсан нефтийн үйлдвэр хаана байна" хэмээн эрх баригчдаас асууж, шатахууны хараат байдлыг бууруулах амлалтууд өнөөдрийг хүртэл биелээгүй гэж шүүмжиллээ.






