ШУУРХАЙ МЭДЭЭ:

Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томиллоо

Улс төр

Баян-Өлгийн МАН: Засаг даргыг огцруулсныг улстөржүүлж, худал мэдээлэл тарааж байна

Баян-Өлгийн МАН: Засаг даргыг огцруулсныг улстөржүүлж, худал мэдээлэл тарааж байна

Баян-Өлгий аймгийн Монгол Ардын Намын хорооноос мэдэгдэл гаргалаа. 

Мэдэгдэлд "Сүүлийн өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Засаг даргыг албан тушаалаас нь чөлөөлсөн асуудлыг улс төржүүлж, “үндэслэлгүй огцруулсан” гэх ташаа мэдээллийг зохион байгуулалттайгаар олон нийтэд түгээж байна.

Иймээс Баян-Өлгий аймгийн Монгол Ардын Намын хороо, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн байр суурийг илэрхийлж, бодит мэдээллийг хүргэж байна.

Өнгөрсөн хугацаанд аймагт үүссэн нөхцөл байдал, бидний удаа дараа тавьж ирсэн асуудлууд ямар үндэслэлтэй байсныг баримтад тулгуурлан танилцуулъя.

Энэ асуудал нэг өдрийн дотор бий болоогүй. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Засгийн газрын Хяналт, хэрэгжилтийн газраас хууль зөрчсөн асуудлуудыг арилгах талаар аймгийн Засаг даргад удаа дараа зөвлөмж, шаардлага, албан даалгавар хүргүүлсэн. Гэвч эдгээрийг бүрэн хэрэгжүүлээгүй учраас өнөөдрийн нөхцөл байдал үүссэн.

Өнөөдөр манай бүлгийн төлөөлөгчид төрийн албанд хийгдсэн хууль бус томилгоо, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг хэрэгжүүлээгүй асуудал, мөн төсөв, санхүүтэй холбоотой зөрчлүүдийг албан ёсны баримтад тулгуурлан мэдээлэл өгье.

 

Нэг:

Аймгийн Засаг дарга Е.Зангар нь Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргээ хангалтгүй биелүүлж, хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн, төсвийн сахилга батыг алдагдуулсан, шударга ёс, төрийн албаны мерит зарчмыг зөрчсөн, ашиг сонирхлын зөрчил бүхий томилгоонуудыг хийсэн нь түүнийг үүрэгт ажлаас нь огцруулах хууль зүйн үндэслэл болсон.

Тухайлбал: аймгийн Засаг дарга 2025 онд гаргасан өөрийн захирамж болон холбогдох хууль тогтоомжийг зөрчин дараах хууль бус томилгоонуудыг хийсэн байна. Үүнд: Хөгжимт драмын театр, Ойн алба, "Суат" ОНӨК, Цахилгаан шугам сүлжээний газар зэрэг байгууллагын удирдах албан тушаалд мэргэжлийн болон ажлын байрны шаардлага хангахгүй, сонгон шалгаруулалтгүйгээр улс төрийн албан тушаалтнуудыг томилсон. Камерын хяналтын төвийн бүтэц, орон тоо, ажлын байрны тодорхойлолтыг хууль, журмыг зөрчин баталж, АН-аас сонгогдсон төлөөллөгчийг томилсон. Орон сууцны корпорацид орон нутгийн төсвөөс санхүүжилт олгож, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан бөгөөд удирдах албан тушаалд сонгон шалгаруулалтгүй мөн АН-аас сонгогдсон төлөөлөгчийг томилсон. Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчин Засаг даргын зөвлөхийн орон тоо бий болгож, мөн адил АН-аас сонгогдсон төлөөлөгчийг томилж төсвөөс үндэслэлгүйгээр цалинжуулсан гэх зэрэг олон хууль бус томилгоог удаа дараа хийсэн. Дээрх үйлдлүүд нь Төрийн албаны тухай хуульд заасан сонгон шалгаруулалтын зарчим, хууль дээдлэх зарчим, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх шаардлагыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд төрийн албаны нэр хүнд, иргэдийн төрд итгэх итгэлд сөргөөр нөлөөлсөн.

 

Хоёр:

Аймгийн Засаг дарга нь Төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд Төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлж, төсвийн хөрөнгийг үр ашигтай, зориулалтын дагуу захиран зарцуулах үүрэгтэй албан тушаалтан.

Гэвч дээрх үүргээ хангалтгүй биелүүлсний улмаас 2025 онд аймагт хуваарилагдсан хөрөнгө оруулалтын төсвийг хуульд заасан хугацаанд хэрэгжүүлж чадаагүйн улмаас нийт 8.2 тэрбум төгрөгийн төсвийн хөрөнгө улсын төсөвт буцаан татагдсан. Үүнд:

• Замын санд 1.541.0 сая төсөвлөсөнөөс 358.0 сая төгрөг татагдсан;

•  Улсын төсвийн их засварын хөрөнгөд 6.618.0 сая төгрөг төсөвлөснөөс  1.781.0 тэрбум төгрөг татагдсан;

• Орон нутгийг хөгжүүлэх санд 5.346.0 сая төгрөг төлөвлөсөнөөс 1.852.0 тэрбум төгрөг татагдсан.

Мөн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2025 оны орон нутгийн төсвийн орлогыг 42.151.3 сая төгрөгөөр баталсан боловч гүйцэтгэл 37.938.3 сая төгрөгт хүрч, 4.213.0 сая төгрөгийн орлого тасарсан нь төсвийн төлөвлөлт, хэрэгжилтийг хангах чиг үүргээ биелүүлээгүйг харуулж байна.

Аймгийн Засаг дарга нь Төсвийн тухай хууль болон Төрийн хэмнэлтийн тухай хуульд заасан төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрэн эрх, албан үүргийг хангалтгүй хэрэгжүүлсэн тул огцруулах хууль зүйн үндэслэл бүрдсэн гэж үзэж байна.

Эцэст нь нэг зүйлийг тодорхой хэлье.

Өнөөдрийн байдлаар шинэ Засаг дарга томилогдоогүй байна. Олонх суудалтай нам дараагийн Засаг даргад нэр дэвшигчээ тодруулна.

Манай намын байр суурь бол албан тушаалын төлөө бус, хууль дээдлэх зарчим, төрийн хариуцлагатай байдлын төлөө юм. Хэн Засаг дарга болохоос илүүтэй, хэн энэ албыг хашсан ч хуулиа мөрдөж, төрийн албыг улс төрийн нөлөөллөөс ангид ажиллуулах нь хамгийн чухал.

Өмнөх Засаг дарга, Тамгын газрын даргын хүлээсэн хариуцлагын цаана АН-аас сонгогдсон ихэнх төлөөлөгчдийн шахалт, оролцоо их байсан. Өөрсөө болон ойрын хүмүүсээ хууль бусаар албан тушаалд томилуулсан шийдвэрүүдийн хор уршгаар төрийн албаны зарчим алдагдаж, өнөөдрийн хариуцлагын асуудал үүссэн.

Бид албан тушаалын тохироо бус, хууль ёсыг дээдэлж, бодит ажил хийж, иргэдийнхээ төлөө ажиллах Засаг даргыг дэмжиж, хамтран ажиллахад бэлэн байна.

Дараагийн Засаг дарга хэн байхаас үл хамааран хууль ёсыг сахиж, төрийн албыг шударга, хариуцлагатай удирдан, Баян-Өлгий аймгийн хөгжил дэвшлийн төлөө ажиллах нь хамгийн чухал.

ГУРАВ:

Аймгийн Засаг дарга Е.Зангар нь томилогдсоноосоо хойш төрийн албан хаагчдыг улс төрийн үзэл бодлоор ялгаварлан гадуурхах, хууль бусаар ажлаас чөлөөлөх, төрийн албаны тогтвортой байдлыг алдагдуулах үйл ажиллагаа удаа дараа явуулсан гэж үзэж байна.

Түүнчлэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ажил, албан тушаалд нь эргүүлэн томилохоор болсон аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Сакен, "Суат" ОНӨК-ийн захирал Ж.Адалбек нарыг шүүхийн шийдвэрийг бодитоор хэрэгжүүлэхгүй, хэлбэр төдий биелүүлсэн нь иргэдийн хууль ёсны эрхийг зөрчиж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх үндсэн зарчимд харш үйлдэл болсон.

Эдгээр үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хуульд заасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх үүргийг зөрчсөн байж болзошгүй бөгөөд холбогдох нөхцөл байдал тогтоогдвол Эрүүгийн хуулийн 21.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулж болзошгүй гэж үзэж байна" гэжээ. 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна