УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал Төв аймгийн Алтанбулаг суманд ажиллаж, иргэд сонгогчидтой уулзаж, санал бодлыг нь сонслоо. Уулзалтын үеэр сар шинийн баярыг угтаж сумын үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор зохион байгуулж буй “Нэг баг-Нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдааг үзэж сонирхов.
Орон нутгийн иргэдтэй уулзах үеэр УИХ-ын 2025 оны намрын чуулганаар баталсан хууль, тогтоолын талаар мэдээлэл өгч, ирэх хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж буй хуулийн төслүүдийн талаар танилцуулж, иргэдийн саналыг сонсож, орон нутгийн хөгжил, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар санал солилцов.

Сумын иргэд эмч, багш нарын цалингийн нэмэгдэл бодитой эсэхийг тодруулж, бусад төрийн албаны ажилчдын цалинг инфляцитай уялдуулж нэмэх, орон нутагт ажиллаж, амьдарч байгаа төрийн албан хаагчдыг ипотекийн зээлд хамруулах зэрэг нийгмийн асуудлыг шийдвэрлэх саналуудыг хэллээ. Мөн сумын төвийн зам, гүүрний асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэв.
Түүнчлэн Алтанбулаг сумын түүхт 90 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан томоохон бүтээн байгуулалтууд хийхэд дэмжлэг үзүүлсэн УИХ-ын гишүүн, бүлгийн дарга Ж.Батжаргалд талархал илэрхийлэв. Одоо сумын бохирын инженерийн шугам сүлжээнд холбох, хичээлийн байр болон сурагчдын дотуур байрны ариун цэврийн өрөөнд засвар хийх, Туул голын бохирдлыг арилгахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал иргэдийн тавьсан асуултад хариулж, зарим санал хүсэлтийг албажуулах, шийдвэрлэж ажиллана гэв. Мөн орон нутгийн иргэдийг малын гаралтай мах, сүү зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж зах зээлд нийлүүлж, амьжиргаагаа дээшлүүлэх саналыг хэлсэн юм.






