Монгол Улсын Засгийн газрын 143 дугаар тогтоолоор зарим аймгуудын баяр наадам болон хурдан морины бүсийн уралдааныг зохион байгуулах хугацааг албан ёсоор тогтоогоод байна. Тус тогтоолын дагуу Дундговь, Завхан, Сүхбаатар аймгуудын баяр наадам 2026 оны 7 дугаар сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд, Орхон аймгийн баяр наадам, эрдэнэт хот байгуулагдсаны 50 жилийн ойн баяр наадам 7 дугаар сарын 23-наас 25-ны өдрүүдэд, Баянхонгор аймгийн 85 жилийн ойн наадам 7 дугаар сарын 25-наас 26-ны өдрүүдэд тус тус зохион байгуулагдахаар тогтоосон байна.



Үүнтэй холбогдуулан баяр наадмын дараах цаг үеийн асуудлуудыг хэлэлцэх, бэлтгэл ажлыг хангах зорилгоор өнөөдөр/2026.07.20/ шуурхай хурал зохион байгууллаа.
Тус хурлаар дараах чухал асуудлуудыг хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргасан байна. Үүнд:
-Засгийн газрын тогтоолоор батлагдсан Сүхбаатар аймагт болох Зүүн бүсийн Даншиг хурдан морины уралдаанд томилолтоор ажиллах мэргэжилтнүүдийг томилох, бэлтгэлийг хангах;
-Хугацаат албан бичгүүдийг яаралтай хааж дуусгах;
- Гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайланг хэлэлцэх зэрэг цаг үеийн чанартай ажлуудыг багтаав.
Хурлын төгсгөлд Захиргаа удирдлагын газрын дарга Б.Доржхуяг хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулан нийт албан хаагчдад үүрэг даалгавар өглөө. Мэргэжилтэн бүр өрөө тасалгаагаа эмхэлж цэгцлэх, цаг үеийн ажлуудыг хариуцлагатайгаар гүйцэтгэхийг даалгалаа.





