Өмнөд Солонгост 20 настай эмэгтэй залуусыг мотелд уулзах нэрийдлээр дуудаж, уух зүйлд нь нойрсуулах эм хийж өгсний улмаас хоёр хүн нас барсан хэрэг олны анхаарлыг татаж байна.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, сэжигтэн эмэгтэй 20 орчим насны гурван эрэгтэйтэй тус тусад нь мотелд уулзсан байна. Тэрбээр уулзалтын үеэр тэдний уух зүйлд тайвшруулах болон нойрсуулах үйлчилгээтэй эм хольж өгсөн гэж мөрдөн шалгалтаар тогтоожээ.
Уг хэргийн улмаас хоёр залуу амь насаа алдаж, харин гурав дахь хохирогч эмнэлгийн яаралтай тусламж авч амьд үлдсэн байна.
Сэжигтэн мэдүүлэг өгөхдөө “Би уух зүйлд нь тайвшруулах эм хийсэн нь үнэн. Гэхдээ энэ нь үхэлд хүргэнэ гэж мэдээгүй” хэмээн тайлбарлажээ.
Гэвч мөрдөн шалгалтын явцад түүний гар утаснаас хийсэн интернет хайлтууд анхаарал татсан байна. Тэрээр ChatGPT-ээс “нойрсуулах эмийг архитай холивол юу болох вэ”, “ямар хэмжээ нь хүний аминд хүрч болзошгүй вэ” зэрэг асуултыг асууж байсан нь тогтоогджээ.
Олон нийтийн анхаарал татсан энэхүү хэргийн улмаас Солонгосын цагдаагийн байгууллага сэжигтний зургийг олон нийтэд ил болгож, мөрдөн шалгалтыг үргэлжлүүлж байна.
Хэргийг санаатай үйлдсэн эсэхийг тогтоохоор прокурор болон мөрдөн шалгах байгууллагууд нэмэлт шинжилгээ, баримт цуглуулж байгаа аж.






