“Нийгмийн ажлын тухай анхдагч хууль”-ийн төслийн хэлэлцүүлэг Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах Ахмад настны үндэсний төвд болов. Хэлэлцүүлгийг УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын алба, УИХ-ын гишүүн О.Саранчулууны Ажлын алба, Ахмад настны үндэсний төвтэй хамтран зохион байгуулсан.


УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал хэлэлцүүлэгт оролцож буй Төв аймгийн Батсүмбэр, Баянчандмань, Борнуур, Сүмбэр, Баянцогт, Жаргалант сумын төрийн байгууллагад ажилладаг 34 нийгмийн ажилтанд амжилт хүсээд, эрх зүйн орчноо баталгаажуулах хуулийн төсөлд санал хүсэлтээ тусгахад анхаарч ажиллахыг хүсэв.

“Нийгмийн ажилтны тухай анхдагч хууль”-ийн төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн О.Саранчулуун нийгмийн үйлчилгээний салбарт чанарын шинэчлэлт хийх, нийгмийн ажилтнуудын мэргэжлийн үнэлэмж, эрх зүйн баталгааг хангах зорилготой хуулийн төслийн үндсэн агуулгыг танилцуулсан.
Хэлэлцүүлэгт оролцож буй нийгмийн ажилтнууд ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн баталгаа, цалин хөлсний нэмэгдэл, мэргэжлийн хамгаалалт, сэтгэл зүйн дэмжлэг, салбараар мэргэшүүлэх гэх мэт анхан шатны байгууллагад өдөр тутам тулгамддаг асуудлаа хэлж байв.




Хэлэлцүүлэг өрнүүлж, гарсан санал, хүсэлтийг хуулийн төсөлд тусгахад анхаарч ажилласнаар:
- Нийгмийн ажлын үйлчилгээний эрх зүйн орчин тодорхой болох,
- Чадваржуулах нийгмийн ажлын үйлчилгээг нэвтрүүлснээр ядуу болон эмзэг бүлгийн иргэдэд хүрэх дэмжлэг туслалцааны өгөөж нэмэгдэх,
- Сургууль, эмнэлэг, баг, хороо, дүүргийн түвшинд ажиллаж буй нийгмийн ажилтнуудын салбар хоорондын уялдаа холбоо сайжрах,
- Ядуурал, хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй иргэдэд хүрэх дэмжлэг оновчтой болох,
- Хөдөлмөрийн зах зээлд оролцох боломжгүй иргэдийн (хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, ганц бие эцэг эхчүүд гэх мэт) чадавх нэмэгдэж, хөдөлмөр эрхлэлт сайжирна хэмээн зохион байгуулагчид үзэж байна.




