Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат болон аймгийн төрийн байгууллагуудын удирдлага, холбогдох албан тушаалтнуудын хамт улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй дэд бүтэц, инженерийн байгууламжийн төслүүдийн хэрэгжилтийн явцтай танилцаж, газар дээр ажиллалаа.
Ажлын хүрээнд Чойбалсан хотын ус хангамжийн Төмөр шүүх станц болон цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцаж, ус хангамж, ариутгах татуургын системийн хүчин чадал, ашиглалтын нөхцөл, цаашдын шинэчлэл, өргөтгөлийн хэрэгцээ шаардлагын талаар холбогдох байгууллагын удирдлага, инженер, мэргэжилтнүүдийн мэдээллийг сонслоо. Түүнчлэн Чойбалсан хотод хэрэгжиж буй 1800 айлын орон сууцны хорооллын гадна инженерийн шугам сүлжээний бүтээн байгуулалтын ажил, Дорнод аймгийн Хэрлэн суманд хэрэгжиж буй “Чойбалсан хотын ус хангамжийн шугам сүлжээний шинэчлэл” төслийн ажлын талбайд ажиллаж, бүтээн байгуулалтын ажлын явц, гүйцэтгэл, тулгамдаж буй асуудлуудтай танилцсан юм.
Уулзалтын үеэр төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах, санхүүжилт, гүйцэтгэлийн явцыг шуурхай зохион байгуулах, чанар, стандартын шаардлагыг ханган ажиллах чиглэлээр холбогдох байгууллагуудтай санал солилцож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг, чиглэл өглөө.









