Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд зохион байгуулж буй “Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Нээлттэй өдрүүд” долоо хоногийн арга хэмжээний хоёр дахь өдөр “Гадаад худалдааны гэрээ, хэлэлцээр хийхэд анхаарах асуудал” сэдвийн хүрээнд амжилттай болж өндөрлөлөө.
Арга хэмжээг Монголын Оюуны өмчийн академийн захирал С.Энхцэцэг нээж үг хэлэхдээ гадаад худалдааны гэрээ, хэлэлцээрийн эрх зүйн зохицуулалт нь аж ахуйн нэгжүүдийн тогтвортой, эрсдэл багатай үйл ажиллагааг хангах үндэс болдгийг онцлон тэмдэглэв. Тэрбээр олон улсын худалдааны харилцаанд оролцогч талууд гэрээний нөхцөлийг нарийвчлан, тодорхой тусгах нь цаашид үүсэж болзошгүй маргаан, эрсдэлийг бууруулах чухал ач холбогдолтойг дурдсан юм.

Хэлэлцүүлэгт гадаад худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд, үндэсний үйлдвэрлэгчид, хуульчид, салбарын мэргэжилтнүүд болон академийн төлөөллүүд оролцож, бодит туршлага, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцов.
Түүнчлэн гадаад түншүүдтэй ажиллах явцад үүсдэг нийтлэг алдаа, гэрээний заалтын тодорхой бус байдлаас үүдэх эрсдэл, олон улсын худалдааны жишиг нөхцөлүүдийг зөв ашиглах талаар практик зөвлөмж өгч, оролцогчдын сонирхсон асуултад хариулсан юм.

Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Мөнх-Эрдэнэ хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцуулж, Улсын Их Хуралд өргөн барьсан Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийн үзэл баримтлал, зорилгыг дэлгэрэнгүй мэдээлэв. Тэрбээр уг хуулийн төсөл нь Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлогын зорилтуудтай уялдаж, бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, экспортод чиглэсэн, олон тулгуурт эдийн засгийн суурийг бэхжүүлэхэд чиглэж байгааг онцоллоо.

Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид арбитрын шүүхийн харьяалал, ажиллагааны журам, маргааныг шийдвэрлэх үе шат, гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрх зүйн зохицуулалтын талаар тодруулга авч, цаашид эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр санал, зөвлөмж солилцсон юм.
“МҮХАҮТ-ын Нээлттэй өдрүүд” арга хэмжээ нь хувийн хэвшил, төрийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, бизнес эрхлэгчдэд хууль эрх зүйн мэдлэг, мэдээлэл олгох, бодлогын түвшний шинэчлэлийг олон нийтэд нээлттэй танилцуулах зорилготой бөгөөд маргааш буюу гуравдугаар сарын 04-ний өдөр “Хариуцлагатай бизнес ба ESG” сэдвийн хүрээнд сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдана.




