Япон улс Чингис хаан олон улсын нисэх буудлыг өргөтгөхөд зориулж ойролцоогоор 150 тэрбум иений хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ.
Энэ асуудлаар Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи, Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал нар мягмар гарагт болох дээд хэмжээний уулзалтын үеэр тохиролцож, хоёр улсын Засгийн газар холбогдох ноот бичиг солилцох төлөвтэй байгааг тус улсын Засгийн газрын албаныхан бямба гарагт мэдээлсэн байна.
Монгол Улсын парламент уг зээлийг хэдийнэ баталсан бол Японы Засгийн газар мягмар гарагт зээлийг олгох асуудлаар шийдвэр гаргахаар бэлтгэж байгаа аж.
Ноот бичигт гарын үсэг зурсны дараа Японы Засгийн газрын дэмжлэгтэй Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA) болон Монголын Засгийн газар зээлийн гэрээ байгуулах юм байна.
Япон улс 2021 онд ашиглалтад орсон Чингис хаан олон улсын нисэх буудлыг хөгжүүлэхэд өмнө нь нийт 65.657 тэрбум иений зээл олгожээ.
Гэвч зорчигч урсгал анх тооцоолж байснаас давсан тул том оврын онгоц хүлээн авах зогсоолын талбай болон нисэх буудлын зорчигчийн терминалын хүчин чадал хүрэлцэхгүй болсон байна.
Үүнтэй холбоотойгоор хоёр улсын Засгийн газар нисэх буудлыг өргөтгөх шаардлагатай гэж үзэн, өргөтгөлийн төслийг хэрэгжүүлэхээр тохиролцжээ.
Барилгын ажлыг хэзээнээс эхлүүлэх нь одоогоор эцэслэн шийдэгдээгүй байгаа ч Монголын талын албаныхан төслийг хэрэгжүүлэх өндөр хүлээлттэй байгаагаа илэрхийлсэн байна. Монголын талын албан тушаалтны хэлснээр, ирэх онд барилгын ажлыг эхлүүлбэл хамгийн тохиромжтой бөгөөд нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлснээр Монголд ирэх жуулчдын тоог өсгөх боломжтой гэж үзэж байгаа аж.
ОХУ, БНХАУ-ын дунд оршдог Монгол Улсын хувьд олон улсын нисэх буудал нь Япон болон бусад “гуравдагч хөрш” орнуудтай харилцах иргэд хоорондын болон эдийн засгийн харилцааны чухал зангилаа болдог.
Нисэх буудлын өргөтгөлөөр дамжуулан Японы Засгийн газар Монгол Улсын агаарын тээврийн холболтыг сайжруулж, тус улсын тусгаар тогтнол, тогтвортой байдал болон тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой байна.
Хоёр улс нисэх буудлыг өргөтгөх асуудлаар энэ сарын 3-нд Японы Гадаад хэргийн сайд Тошимицү Мотэги, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг нарын уулзалтын үеэр зарчмын хувьд тохиролцоонд хүрсэн байна.
Эх сурвалж: The Japan Times





