Засгийн газрын гишүүдийн томилгоо гацаанд орсон энэ үед парламентын тэргүүний асуудал ч мөн адил тодорхойгүй байдалд гацав. УИХ-ын даргын томилгоо ийнхүү удааширч, шийдвэр гаргалт сунжирч буй нь эрх баригч МАН доторх эрх ашиг, фракцын зөрчил хэр гүнзгийрснийг харуулж буй бодит жишээ юм.
Өнөөдрийн нөхцөл байдалд нам доторх “30-ын” болон “38-ын” гэх бүлэглэлүүдийн өрсөлдөөн ил тод өрнөж, “30-ын” талаас С.Амарсайхан нэр дэвшиж байгаа бол “38-ын” талаас С.Бямбацогт, Б.Жавхлан, Ж.Энхбаяр нар өрсөлдөж буй гэх мэдээлэл хэдийнээ гарсан. Гэвч аль нэгийг нь шууд томилох улс төрийн зориг, эсвэл нэгдсэн шийдэл одоогоор бүрдэхгүй байгаагаас асуудал “дуншсан” хэвээр.
Ийм нөхцөлд Я.Содбаатар намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд бүлгийн гишүүдийн дунд сугалаа сугалуулж шийдэх санал гаргасан гэх нь Ардын нам ингэтлээ доройтсны шинж. Парламентын дарга гэдэг бол төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэгч, хууль тогтоох үйл явцыг удирдах маш чухал албан тушаал. Гэтэл ийм албан тушаалыг хүүхдийн цэцэрлэгийн сугалаатай зүйрлэх хэмжээний санал гарч буй нь эрх баригч нам дотоод ардчилал, бодлогын чадамжаа алдаж буй дохио биш гэж үү.
Ингэснээр үнэндээ төрийн бүхэл бүтэн механизм саарч, бодлогын шийдвэрүүд хойшлогдож эхэлж байна. Тухайлбал, өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл шинэ УИХ-ын дарга тодрох хүртэл түр хойшлогдлоо.
Анх УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлаас эхэлсэн улс төрийн процесс ийнхүү 14 хоног дамнан сунжирч, цаашлаад шинэ томилгоо бүтэн долоо хоногоор хойшилж, тодорхойгүй байдал үргэлжилсээр. Энэ хугацаанд эдийн засаг, нийгмийн чухал шийдвэрүүд хүлээлтийн горимд шилжиж, бодлогын тасалдал үүсч байна.
Гол асуудал нь хувь хүмүүсийн өрсөлдөөн бус, харин институцийн доройтол, шийдвэр гаргах чадварын хомсдол юм. Эрх баригч нам дотоод зөрчлөө зохицуулж чадахгүй бол төрийн ажил цаашид ч ийнхүү гацаанд орсоор байх эрсдэлтэй. Төрийн өндөр албан тушаалыг бүр сугалаагаар шийдэх тухай яригдаж эхэлсэн нь Монголын парламентын ардчиллын чанарт ноцтой дохио өгч байна, хүүхдийн цэцэрлэг биш дээ.






