Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр /2026.05.30/ Онцгой байдлын ерөнхий газарт (ОБЕГ) ажиллаж, сүүлийн өдрүүдэд олон нийтийн анхаарлын төвд буй аврах ажиллагаатай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр ОБЕГ стандартын дагуу шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажилласан хэмээн онцолж, “Энэ бол сошиал орчинд харагдаж байгаа шиг энгийн асуудал биш. Уул уурхайн салбарын нарийн хэмжилт, математик тооцоололд үндэслэн, мэргэжлийн түвшинд хийгддэг ажил. Сийрэг хөрстэй газарт хэн нэгэн мэргэжлийн бус хүн очоод ухчихдаг зүйл огт биш” гэв.
Мөн тэрбээр осол болсон газрын нөхцөл байдлыг тайлбарлахдаа, “30 метр гэдэг нь 11 давхар барилгатай дүйцэх өндөр. Энэ хэмжээний хөрсний нурангид ажиллана гэдэг маш хүндрэлтэй нөхцөл” гэлээ.
Аврах ажиллагаатай холбоотой шүүмжлэлд хариулахдаа,ОБЕГ-ын үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагууд хөндлөнгийн дүгнэлт гаргана гэдгийг онцолж, "Өнгөц зураг хараад шууд шүүмжлэх шаардлагагүй. Хэрэв аврах ажиллагаанд алдаа гарсан гэж үзвэл хариуцлага хүлээхэд бэлэн байна” гэсэн юм.
Түүнчлэн тэрбээр талийгаач охины ар гэрийнхэнтэй уулзахаар төлөвлөж буйгаа дурдаад, “Энэ хүүхэд олон талт хариуцлагагүй байдлын золиос боллоо” хэмээн харамсал илэрхийлэв.
Н.Номтойбаярын хэлснээр, ОБЕГ-ын хүн хүч болон тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангалттай байсан бөгөөд онцгой байдал “гурван зүйлд ялагдсан” гэж үзэж буйгаа онцлов.
Тэрбээр “Нэгдүгээрт, хариуцлагагүй тогтолцоонд, хоёрдугаарт цаг хугацаанд, гуравдугаарт бодит газар шорооны нөхцөл байдалд ялагдлаа. Энэ гурав бидний хамгийн том саад байлаа” гэв. Мөн онцгой байдлын салбарын хөрөнгө оруулалтын талаар ярихдаа, гал унтраах зориулалтын өндөр шатны санхүүжилт шийдэгдэж буйг дурдаж, ирэх болон энэ оны төсөвт нийт 5.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт тусгагдсан гэж мэдэгдэв.
“Төр засаг энэ салбарын санхүүжилтийг шийдэж чадахгүй байгаа асуудал биш. Энэ хөрөнгөөр тоног төхөөрөмжийн хангалтыг 80 орчим хувьд хүргэнэ” хэмээн тэрбээр онцоллоо.





