ШУУРХАЙ МЭДЭЭ:

Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томиллоо

Улс төр

Н.Учрал: Тэтгэвэрт хэдийнээ гарсан ахмадуудын тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ, тэтгэвэр бол халамж биш

Н.Учрал: Тэтгэвэрт хэдийнээ гарсан ахмадуудын тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ, тэтгэвэр бол халамж биш

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, тэтгэврийн тогтолцоонд үе шаттай шинэчлэл хийхээр төлөвлөжээ. Шинэчлэлийн хүрээнд тэтгэврийн шударга байдлыг нэмэгдүүлэх, бага орлоготой ахмадын хамгааллыг сайжруулах, урт хугацаанд тогтолцооны тогтвортой байдлыг хангах арга хэмжээнүүдийг тусгаад байна.

Ерөнхий сайд Н.Учралын мэдээлснээр өнөөдөр тэтгэвэр авагчдын дийлэнх нь бага хэмжээний тэтгэвэртэй байгаа бөгөөд олон жил шимтгэл төлсөн иргэдийн хувьд хүртээмж, шударга байдал хангалтгүй байгаа аж. Сүүлийн жилүүдэд тэтгэврийн зардал эрчимтэй өссөн ч иргэдийн сэтгэл ханамж төдийлөн сайжраагүйг онцолсон байна.

Мөн хүн амын дундаж наслалт нэмэгдэж, ажиллаж буй иргэдийн тоо тэтгэвэр авагчдын ачааллыг дангаар үүрэх хэмжээнд ойртож байгааг Засгийн газар анхааруулжээ. Хэрэв өнөөгийн тогтолцоо хэвээр үргэлжилбэл цаашид тэтгэврийн сангийн дарамт улам нэмэгдэж, төсвийн зардал эрс өсөх эрсдэлтэй гэж үзэж байна.

Иймээс нийгмийн даатгалын хамрагдалтыг өргөжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, шимтгэл төлөлттэй уялдсан илүү шударга тогтолцоог бий болгох чиглэлээр хэд хэдэн өөрчлөлт хийхээр тусгажээ.

Тухайлбал, бага орлоготой ахмадуудад баталгаат тэтгэврийн нэмэгдэл олгохоор төлөвлөсөн бөгөөд энэ нь тухайн иргэний ажилласан жил, шимтгэл төлсөн хугацаатай уялдан шатлалтай тогтоогдох юм. Өөрөөр хэлбэл, бага тэтгэвэртэй иргэдэд тодорхой хэмжээний нэмэлт дэмжлэг үзүүлэх механизмыг нэвтрүүлэхээр болсон байна.

Түүнчлэн өмнөх жилүүдэд мөрдөгдөж байсан тэтгэвэр бодох цалингийн дээд хязгаараас үүдэн үүссэн зөрүүг арилгаж, 2013 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон зарим иргэний тэтгэврийг шинэ нөхцөлөөр дахин тооцохоор тусгажээ. Ингэснээр ижил хугацаанд ажилласан ч өөр өөр нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон иргэдийн ялгааг багасгах зорилготой аж.

Мөн олон жил ажилласан иргэдэд илүү өндөр хувь тооцдог тогтолцоог өргөжүүлж, 25-аас дээш жил ажилласан тохиолдолд олгодог нэмэгдлийг өсгөхөөр болсон байна. Үүнээс гадна тэтгэвэрт гарах хугацаагаа хойшлуулсан иргэдэд жил тутам урамшуулал тооцох зохицуулалтыг тусгаж, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна