ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

Т.Аубакир: “Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ядуурлаас гарах үндэсний санаачилга”-ыг өрнүүлнэ

Т.Аубакир: “Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ядуурлаас гарах үндэсний санаачилга”-ыг өрнүүлнэ

Засгийн газрын 2026 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар “Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ядуурлаас гаргах үндэсний санаачилга өрнүүлэх тухай” асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Уг санаачилга нь ядуурлын түвшинг бууруулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц бодлогын арга хэмжээ болох юм.

Албан ёсны статистик мэдээллээр, 2022 оны байдлаар Монгол Улсын ядуурлын түвшин 27.1 хувьтай гарч, 913.7 мянган иргэн ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй амьдарч байна. Хөдөө орон нутагт ядуурлын түвшин 35.5 хувь байгаа бол хот суурин газарт 23.0 хувьтай байна. Ядуурал нь иргэдийн боловсрол, ур чадварын дутагдал, хөдөлмөрийн хандлага, эрүүл мэнд, амьдралын нөхцөл боломж зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж байгааг холбогдох байгууллагууд онцолжээ.

2025 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 15 ба түүнээс дээш насны 2.4 сая хүн байгаагаас 1.5 сая нь ажиллах хүчинд хамаарч, 886.5 мянга нь ажиллах хүчнээс гадуур байна. Нийт ажиллагчдын тоо 1.4 сая байгаа ч хөдөлмөрийн хангагдаагүй хэрэгцээ 115.3 мянгад хүрсэн үзүүлэлттэй байна.

Энэхүү үндэсний санаачилгыг хэрэгжүүлэхдээ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Азийн хөгжлийн банк-тай хамтран хэрэгжүүлсэн “Төгсөлтийн аргачлал” төслийн туршлагад тулгуурлах юм. Тус төсөл 1259 өрхийг хамруулан амжилттай хэрэгжсэн бөгөөд 2026 онд “Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг 5000 өрхөд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Хөтөлбөрийн хүрээнд ядуурлын түвшингээс доогуур орлоготой өрхүүдийг сонгон хамруулж, тэдний нөхцөл байдалд тохирсон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орлого нэмэгдүүлэх, жижиг зээлд хамруулах, нийгмийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэх зэрэг цогц арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Мөн орон нутгийн удирдлагын оролцоог хангах зорилгоор гэрээний тогтолцоог нэвтрүүлэхээр шийдвэрлэжээ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд аймаг, дүүргийн Засаг дарга нартай, аймаг, дүүргийн Засаг дарга сум, хорооны Засаг дарга нартай үр дүнд суурилсан гэрээ байгуулж, хэрэгжилтийг үнэлж дүгнэх юм. Амьжиргаа багатай өрхийг бодит мэдээлэлд тулгуурлан сонгож, газар тариалан, мал аж ахуй, үйлдвэрлэл эрхлэхэд нь газар олгох, малжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахад нь бүх талаар дэмжлэг үзүүлэхээр тусгажээ.

Ядуурлыг бууруулах чиглэлээр гарсан сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудыг хамтран ажиллахыг уриалах, мөн Засаг дарга нарын үйл ажиллагаанд хяналт тавьж, гүйцэтгэлд үндэслэн урамшуулах, хариуцлага тооцох механизмыг хэрэгжүүлэхээр болсон байна.

Үндэсний санаачилгын үр дүнг ажлын байртай болсон хүний тоо, жижиг зээлд хамрагдсан өрхийн тоо, шинээр нийгмийн даатгалын шимтгэл төлөгч болсон иргэдийн тоо зэрэг бодит үзүүлэлтээр хэмжинэ.

 Амжилттай хэрэгжүүлсэн аймаг, дүүрэг, сум, хороо болон дэмжиж ажилласан байгууллагуудыг оны эцэст Засгийн газраас шагнаж урамшуулахаар тусгажээ.

Санаачилгын хэрэгжилтийг Засгийн газрын хэрэг эрхлэх газар нэгдсэн удирдлагаар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиллах юм.

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна