Монголын кибер спортын тэргүүлэх төлөөлөл The MongolZ багийн бүрэлдэхүүнээс inactive статуст шилжээд багагүй хугацаа өнгөрсөн “Senzu” буюу Мөнхболдын Азбаяр шинэ багтаа албан ёсоор нэгдлээ. Тэрбээр Украины PASSION UA багийн бүрэлдэхүүнд элсэж, олон улсын тавцанд шинэ сорилтыг эхлүүлэхээр болсныг зарлав.
Тус багийн зүгээс түүнийг танилцуулахдаа “Энэ мөчөөс эхлэн түүний галзуу мэт шийдвэрүүд, мөс шиг хүйтэн өөртөө итгэл байдал нь бидний талд ажиллана” хэмээн онцолсон нь Senzu-ийн тоглолтын хэв маягийг тодорхой илэрхийлжээ.
Senzu нь шийдэмгий довтолгоо, гэнэтийн шийдвэр гаргалт, өндөр дарамттай мөчид ч сэтгэл зүйн тогтвортой байдлаа хадгалдгаараа танигдсан тоглогч. Түүний энэхүү онцлог PASSION UA-ийн хурдтай, эрсдэлээс үл эмээсэн тоглолтын философитой нийцэж буй.
Украинд үүсгэн байгуулагдсан PASSION UA нь богино хугацаанд олон улсын кибер спортын тавцанд өөрийн өнгө төрх, зоримог тактикаараа ялгарч, өрсөлдөх чадвараа эрчимтэй нэмэгдүүлж буй баг. Шинэ улирлыг шинэ бүрэлдэхүүнтэй угтаж буй тэд илүү том зорилго тавин, өндөр амбицтай өрсөлдөхөө зарлалаа.
Ийнхүү Монгол тоглогч Senzu Европын кибер спортын зах зээлд хүч үзэх дараагийн алхмаа хийж, фенүүдийн анхаарлыг дахин татлаа.






