ШУУРХАЙ МЭДЭЭ:

COP17-ын гурав дахь өдрийн гурван хэлэлцүүлгээр бэлчээрийн мал аж ахуйд тулгарч буй бэрхшээл, сорилтыг даван туулах гарц, шийдлийг танилцууллаа

Нийгэм

Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем

Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем

Ц.Нямдоржийг сайд болохоос өмнө эрүүгийн гэмт хэрэгтнүүд Монгол төрийн Хууль зүйн сайдыг өрөөнд нь ороод зодчихдог байв. Логийн Цог сайд байхдаа зодохоор орж ирсэн эрүүгийн гэмт хэрэгтнүүдээс айхдаа ширээн доогуураа орчихсон чичирч суусан гэдэг. Хууль хүчнийхэнтэй хамссан рецедивүүд бүгдийн оройд заларч, Центрпойнтын гэх мэт дуулиант хэргүүд шил дарж байсан харанхуй өдрүүд Ц.Нямдоржийг Хууль зүйн сайд болсноос хойш дууссан юм. Эрүүгийн гэмт хэрэгтнүүдийн дийлдэхээ больсон бүлэглэлүүдэд цэг тавьсных нь төлөө түүнд алга таших учиртай.

 

Харамсалтай нь хууль хяналт, эрүүгийн хэрэгтнүүдийн хамссан картелийн систем эргэн амилж улам хүчирхэгжсээр байна. Цагдаа, хууль, шүүхийнхэн эрүүгийн гэмт хэрэгтэнтэй хамтарч жирийн иргэд, компанийн захирлуудаг хилсээр хэлмэгдүүлж дээрэмддэг явдал газар авчихлаа. Хөрөнгөжсөн хурандаа нар гэсэн бүхэл бүтэн анги давхарга ч үүсээд амжив. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал аа  хяналтаас нэгэнт гарчихсан эрүүгийн гэмт хэрэгтнүүдийн угсарсан картелийн системтэй тэмцэхгүй бол энэ улс дээрэмчин тонуулчдын хөлд сүйрэхдээ тулчихжээ.

 

Картелийн систем угсрагч гэмт хэрэгтний  сонгодог жишээ бол “Урьхан” Б.Чинбат. Хуучин нийгмийн үеэс Ажилчны, Октябрийн районы шүүхээс ял сонсч явсан Б.Чинбатын картелийн систем жирийн нэг компанийн захирал залууг торны цаана суулгачихаж. “Урьхан”-ы боссын  хонгилын системд шүүгч, прокурор, өмгөөлөгч, цагдаа, хөрөнгөжсөн хурандаа нар гээд хууль хүчнийхэн тэр чигтээ багтаж байх юм. Мань эр шоронд хориулчихаад байгаа компанийн захирал залууг өмнө нь нэг удаа дээрэмдэж байж. Ахиад дээрэмдэх гэнгүүт өнөөх нь “Дахиж дээрэмдүүлж чадахгүй” гээд гөжчихөж. Тэгэнгүүт нь  системээ ажиллуулаад шоронд хийсэн нь хэвлэлийнхний анхааралд ороод байна.    

 

“Урьхан” Б.Чинбатаас хахууль авч  жирийн бизнес эрхлэгч залууг шоронд хууль бусаар хорьсон хууль, шүүх, прокурорынхон, хөрөнгөжсөн хурандаа нарын ажилладаг системийг одоо хэлж өгье. Эхлээд өмгөөлөгч нь хохирсон бизнес эрхлэгчийн талаар ор үндэсгүй мэдээлэл цацна, дараа нь цагдаа, шүүх, прокурор дээрээс өгсөн чиглэлийн дагуу ажиллаж эхэлдэг. Б.Чинбатын өмгөөлөгч нь ядарсан иргэний хүүг зодсон баячуудын хүүхдийг ялгүй мулталсан Б.Мэргэн. Өдгөө шоронд сууж буй В.Ганзоригийн талаар тэрээр худал мэдээллийг давтамжтай цацсаар байгаа.

Цагдаагийн хөрөнгөжсөн хурандаа нарын тоонд багтах “пээдэг” Эрдэнэбаяр, цээж Ууганбаяр нар Б.Чинбатын дээрэмд гар бие оролцсон гэж эх сурвалж хэлж байна. Өнгөрсөн жилийн өдийд цагдаагийн хурандаа “банхар” Батсайхан  “Чинбаттайгаа учраа олчихвол бүх юм дууслаа шүү дээ” гэж В.Ганзоригийг дарамталж байжээ.Улсын дээд шүүхийн эрүүгийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор С.Гансэлэм, Булган аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбилэг, ЦЕГ-ын дэд дарга М.Батсайхан, Улсын ерөнхий  прокурорын орлогч М.Чинбат, Булган аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Доной нар “Урьхан” Б.Чинбатын захиалгаар ажилласан нь илэрчихлээ.

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Б.Бямбаабаатар танхимынхаа шүүгч Ч.Алдарт үүрэг  өгч В.Ганзоригийг хорих шийдвэр гаргуулсан байх юм. В.Ганзоригийг цагдан хорих шүүгчийн захирамж гаргасныхаа дараа Ч.Алдар шүүгч хөрөнгөжсөн хурандаа нарын нэг “цээж” хочит Х.Ууганбаяр руу “Би ажлаа хийж байгаа шүү” гэсэн утга бүхий мессэж явуулсан баримт АТГ-т оччихсон байгаа юм билээ.  

 

Энэ кейсийг дээрэм гэж нотлоход маш амархан. Б.Чинбат анх В.Ганзоригоос 5 сая доллараар хайгуулын лиценз авч байж. Мань эр 14 тэрбум төгрөгөөр худалдаж авсан лицензит талбайгаасаа алт олборлож 50 гаруй тэрбумыг халаасалсан нь баримттайгаа дурайж байна. “Урьхан” Б.Чинбат В.Ганзоригт өгсөн мөнгөө дөрөв, тав нугалаад олчихсон гэсэн үг.  Б.Чинбат 36 тэрбумын цэвэр ашиг хийчихээд одоо болохоор  “Таван сая доллараа залилуулчихлаа” гэж нохойтож буй. Хачирхалтай нь мань эр залилуулсан гэж гүтгэж байгаа В.Ганзоригтойгоо бүр хожим  2025 онд ч гэрээ байгуулж, лицензит талбайгаас нь 420 кг алт олборлосон байх юм. Олборлосон алтныхаа 220 кг-ийг нь Монголд банкинд тушааж, 200 кг-ыг нь хар зах дээр борлуулж хууль зөрчсөн нь тоо баримттайгаа байна. В.Ганзоригийн лицензит талбайгаас 560 кг алт олборлож хэдэн арван тэрбумын ашиг олсон Б.Чинбатын шунал ингээд зогссонгүй. “Ахиж дээрэмдүүлж чадахгүй” гэж хэлснийх нь төлөө мөрөөрөө бизнес хийж явсан залууг торны цаана хийлгэсэн шигээ пээдэлзэж явна.

 

Монголын Пабло Эскобар “Урьхан”  Чинбатын ээлжит дээрмийн хохирогч залуу ямартай ч шүгэл үлээчихлээ. Эрүүгийн гэмт хэрэгтэн Б.Чинбатын угсарсан хууль хяналтынхны картелийн системд нэгдсэн эрхтэн дархтнуудыг зарлачихлаа. Гэтэл ЦЕГ-аас өчигдөр нэг сонин мэдэгдэл хийгээтхэв. Агуулга нь их хөгийн. “Урьхан” Б.Чинбатын захиалгаар мэдээлэл хийсэн гэчихэд хэтрүүлэг болохгүй. “Чинбат гэдэг хүн энд ямар ч хамаагүй шүү” гэж хэлэхийн тулд Монгол улсын ЦЕГ-ын нэрийн өмнөөс  хэвлэлийн хурал хийнэ гэдэг бол гутамшиг юм.Зүй нь ЦЕГ яг өдийд Б.Чинбаттай хамтарч дээрэм хийсэн цагдаагийн албан хаагчдаа шалгаж, хариуцлага ярьж мэдээлэл хийвэл нийгэмд зөв  харагдах байв.

 

Лицензэт газраас нь хэдэн зуун кг алт олборлож өчнөөн тэрбумыг халаасалчихаад эзнийг нь шоронд хорьж байгаад ахин дээрэмдэх санаа агуулж буй Б.Чинбатын картелийн системд анхаарал хандуулах цаг болчихжээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ. “Урьхан” Б.Чинбатын Октябрийн раойны үеэс хойш Монголын төр, хууль хүчинд угсарсан хонгилын системд нэгдсэн цагдаа, шүүх, прокурорынхны нэр ил болчихлоо. Зураг хөрөг, нэр устай зарласан энэ системийг одоо л нураахгүй бол энэ улс чинь картелийн улс боллоо. Пабло Эскобар гэж нөхөр Колумбын хууль хүчний дээр заларч хар тамхины наймааг өчнөөн жил атгаж, улсаа устгасан шиг хар үйлийг “Урьхан”-ы Б.Чинбат хийж байна. Түүний хууль, шүүх бүгдийг атгасан картел жирийн бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийг дээрэмдэж байна Ерөнхий сайд Н.Учрал аа.

 

Ц.Нямдорж Хуулийн сайдыг өрөөнд нь  зодтолоо оодорч явсан рецедивүүдийн хандыг хага дарж, Монгол төрийг гэмт хэргийн бүлэглэлүүдээс цэвэрлэсэн тухай өмнө цухас дурдсан. Одоо Хууль зүйн сайд О.Амарсайханд ийм зориг хэрэгтэй байна. Хууль хүчнийхэнтэй нийлж баялаг бүтээгчдийг, иргэдийг рекетлэж дээрэмддэг картелийн системийг нураах ажлаа “Урьхан”-ы Б.Чинбатаас эхэл. Нэр устайгаа зарлагдсан Б.Чинбатын хонгилыг эхлээд нураа. Авлигын асар том сүлжээ В.Ганзориг гэдэг залуугийн шүгэл үлээсний ачаар илэрчихээд байна. Ийм үед ЦЕГ нь “Наадах чинь Чинбат биш ээ” гэж эрүүгийн ертөнцөд зартай рекетчнийг өмгөөлсөн өнгөтэй мэдэгдэл хийгээд гүлдийж байна. Хууль зүйн сайд аа, та яг одоо цаг алдалгүй, Б.Чинбатын картелд нэгдсэн хууль, хүчнийхнийг шалгах ажлын хэсэг гарга. Тэгж байж иргэд төртэй, хуультай улсад амьдарч байгаагаа мэдэрнэ.

 

С.Амарсайхан сайдад тухайлж дуулгах нэг мэдээлэл байна. Таны удирдлагад ажилладаг төрийн  цагдаа Хөвсгөлийн тахилгад явж байгаагаа зураг баримтаар мэдэгдсэн хүнийг цагийн дотор ирсэнгүй гээд баримтыг нь зориуд устгасан байна лээ. Цагдаа нь “Дуудсан цагт ирсэнгүй” гэж худлаа ярьж, прокурор шүүх нь тэр худлаа ярианд нь худлаа итгээд гэм зэмгүй бизнес эрхлэгч залууг бариад хорьчихсныг та мэдсэн үү. Хатуухан хэлэхэд хууль хүчний байгууллагыг та биш эрүүгийн рецедив Б.Чинбаттангуудын угсарсан картелийн систем, хонгил удирдаад байна. Таны удирдлагад ажилладаг цагдаа, шүүх, прокурорууд жирийн иргэдээ Б.Чинбаттангуудтай нийлж дээрэмдэж, хөрөнгөжсөн хурандаа нар гэсэн бүхэл бүтэн анги давхарга үүсгэчихээд оодорч байна.

 

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Н.Учрал, Хууль зүйн сайд С.Амарсайхан, ЦЕГ-ын дарга Ж.Болд, Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нарт зориуд дайх нэг үг байна.

Хууль хүчнийхнийг атгандаа оруулсан   Б.Чинбат тэргүүтэй эрүүгийн рецедивүүд  энэ улсыг удирдаад удаж байна. Гэмт хэрэгтнүүдийн угсарсан картелуудыг нураах ажлыг 

“Урьхан”-ы Б.Чинбатаас эхэлмээр байна, яг одоо. 
 

ЭХ СУРВАЛЖ: Өдрийн сонин

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна