Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй Ерөнхий хяналтын сонсголын өнөөдрийн /2026.09.28/ үдээс хойших хэсэг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа урамшууллын төрөл, хүртээмж, үр дүн сэдвийн хүрээнд үргэлжлэв.



Сонсголд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Болорсүх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа урамшууллын төрөл (cүү, мах, ноос, ноолуур, хүнсний ногоо, арьс шир, улаанбуудай) хүртээмж, үр дүнгийн талаар танилцуулав.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс долоон төрлийн урамшуулал олгосон гэдгийг тэрбээр онцлоод нийт 931.7 тэрбум төгрөгийн урамшууллыг 1.6 сая иргэн, аж ахуйн нэгжид олгосон гэв.
Дараа нь Монгол Улсын Үндэсний аудитын газрын Ерөнхий аудиторын орлогч З.Цэдэнжав Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт улс болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний талаарх аудитын үр дүнгийн талаар мэдээлэл хийв.
Улсын төсвийн 2023-2025 оны хөрөнгө оруулалтын хэрэгжилт, үр дүнгийн тухайд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг нэн тэргүүний хэрэгцээ шаардлага, тэргүүлэх ач холбогдол, эдийн засгийн үр өгөөжөөр нь эрэмбэлж төлөвлөөгүй, санхүүжилтийн эх үүсвэрийг оновчтой ашиглаагүй байна хэмээн аудитын дүгнэлтэд дурджээ.
Сонсголоор хөндсөн сэдэвтэй холбогдуулан 12 оролцогч санал хэлсэн. Оролцогчдын олонх чухал асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж буйд талархлаа илэрхийлээд, өнөөдрийг хүртэл төрөөс олгож буй урамшууллын төрлүүд, түүнд хэрхэн хамрагдах талаар иргэд бүрэн дүүрэн мэдээлэлгүйгээс малчид, тариаланчид урамшуулалд тэр бүр хамрагдаж чадахгүй, хүртээмж тааруу байгааг онцолж байлаа.
Түүнчлэн хүнс, хөдөө аж ахуйн салбарт төрөөс олгож буй урамшуулал, дэмжлэгийн талаарх дата мэдээллийг олж авахад нэн бэрхшээлтэй байдаг талаар судлаачид тодотгоод, цаашид салбарын яам энэ асуудалд нээлттэй байх, улмаар дэвшүүлсэн зорилго, зорилтдоо хүрээгүй урамшууллын төрлийг зогсоож, үр дүн гаргаж буй төрлүүдэд шилжүүлэх, ялангуяа хөнгөн үйлдвэрийн салбарыг бодлогоор дэмжих нь зүйтэй гэх асуудлыг тус тус хөндөж байлаа.



Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, М.Ганхүлэг, О.Амгаланбаатар, Х.Баасанжаргал нар асуулт асууж, үг хэлж, хариулт авсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ шинжээчийн дүгнэлтэд дурдсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам тушаал, шийдвэр, санхүүгийн бусад баримтуудын талаар мэдээллээ бүрэн ирүүлээгүй шалтгаан, үнийн дүн зөрүүтэй байгаад салбарын яамнаас тайлбар хүсэж, тоон мэдээллээ шинжээчид, салбарын яам цэгцэлж, нэгдсэн ойлголтод хүрэх нь зүйтэй гэсэн саналтай байлаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хариултдаа, шинжээчид салбарын тоон мэдээллийг бүхэлд нь бус зөвхөн хүнс, хөдөө аж ахуйгаар нь хязгаарлан танилцуулга хийснийг тодотгоод, 2026 оны наймдугаар сарын 14-ний өдрийн сайдын гарын үсэгтэйгээр 2008-2025 оныг хүртэл салбарт олгосон татаас, урамшуулал, хүүгийн хөнгөлөлт гээд 18 төрлийн урамшууллын бүх мэдээллийг хүргэсэн, урамшуулал бүгд шалгуур үзүүлттэй гэж байлаа.
Харин шинжээч хариултдаа, холбогдох журам, тогтоолд дүн буюу шалгуур үзүүлэлт байхгүй тул үр дүнтэй хэрэгжсэн эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байсныг онцлоод, нэгдсэн дүн мэдээлэл зөрүүтэй байгаа нь салбарын яамнаас ирүүлсэн тушаалуудад л дүн шинжилгээ хийсэнтэй холбоотой гэж байлаа. Түүнчлэн шинжээч ирүүлсэн материалын хүрээнд тушаалуудыг нь шүүж үзэхэд, зарим нь дүн шинжилгээ хийхэд харагдах боломжгүй, хүндрэлтэй нөхцөл байдалд ажилласан гээд иймд 14 мянган хуудас материалыг нэг бүрчлэн шаардлага хангасан, хангаагүй гэж хэлэх боломжгүй хэмээв.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат шинжээчдэд хариуцлагатай байхыг анхааруулаад, сонсголын төгсгөлд 14 мянган хуудас ирсэн, шалгаж амжаагүй гэдэг тайлбар хийгээд сууж болохгүй гэв. Тэрбээр сонсгол цагаа олсон хэдий ч асуудлыг он цагийн дарааллаар нь зөв талаас нийгэмд ойлгуулах нь зүйтэй гээд, шинжээчдэд хүргүүлсэн материалуудыг ч ил болгохыг хүсэв.
Төгсгөлд нь сонсгол даргалагч М.Мандхай уг асуудалтай холбогдуулан үг хэлсэн. Тэрбээр хүнс, хөдөө аж ахуйн салбарт төрөөс үзүүлсэн эдгээр дэмжлэг, урамшууллын үр дүнг хэлэлцэж байгаа нь тун сайшаалтай хэрэг бөгөөд шинжээчийн болон яамны танилцуулгад дурдагдсан тооны зөрүүг эргэн харж, засаж нэгдсэн мэдээлэлтэй болох нь зүйтэйг онцлов. Түүнчлэн сүүлийн 18 жилийн хугацаанд олгосон урамшууллын талаар нэгдсэн тоон мэдээлэлтэй болсноор цаашид хэрэгжүүлэх урамшуулал, дэмжлэгийг бодитой өсгөх, үр дүн гаргахын төлөө хамтдаа сайжруулж ажиллах бололцоо бүрдэнэ гээд, гишүүдийн хөндсөн хэмжих үзүүлэлт, хүрэх үр дүн, бүтээмжийг бий болгох асуудалтай санал нэг байгаагаа илэрхийллээ.
Үргэлжлүүлэн сонсгол даргалагч Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу урьдчилан бичгээр ирүүлсэн санал, хүсэлт, мэдээллийн агуулгыг танилцууллаа.




