Дэлхийн 30 гаруй улсад бүтээгдсэн алдарт хоолны шоуны Монгол хувилбар "Top Chef Mongolia” 2026 оны 10-р сарын 24-ний өдрөөс NTV-ээр үзэгчдийн хүртээл болох гэж байна.
Монголын шилдэг 15 тогооч 100 сая төгрөгийн шагналын төлөө ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, тэсвэр хатуужлаараа өрсөлдөх “Top Chef Mongolia” шоуг NTV телевиз болон Nomadia Pictures хамтран бүтээж байна.
NBCUniversal-ын албан ёсны “Top Chef” форматын дагуу бүтээгдэж буй тус шоу нь мэргэжлийн тогооч нарын ур чадварыг сорихын зэрэгцээ Монголын хоол үйлдвэрлэлийн салбарын хөгжил, шинэ үеийн тогооч нарын авьяас чадварыг олон нийтэд таниулах зорилготой юм.
Үзэх суваг
* NTV телевиз: Бямба гараг бүр 21:30 цагт
* Univision, LookTV: Пүрэв гараг бүр шинэ дугаар
100 сая төгрөгийн төлөөх өрсөлдөөн
“Top Chef Mongolia” шоуны оролцогчид хоолны амт, үзэмжээс гадна түүхий эдийн сонголт, технологийн зөв хэрэглээ, цагийн менежмент, зохион байгуулалт, бүтээлч шийдлээрээ өрсөлдөнө. Өдөр бүр шинэ сорилттой нүүр тулах тэд мэргэжлийн гал тогооны өндөр шаардлага, хязгаарлагдмал хугацаа, гэнэтийн нөхцөлд өөрсдийн ур чадвар, туршлагаа бүрэн дайчлах болно.
Энэ бол зөвхөн 100 сая төгрөгийн шагналын төлөөх тэмцээн биш. Оролцогч бүрийн хувьд мэргэжлийн нэр хүндээ бататгах, ур чадвараа ахиулах, цаашдын карьертаа шинэ боломж нээх томоохон сорилт юм.
Шүүгчдийн өндөр шалгуур, шударга үнэлгээ
Шоуны шүүгчдийн бүрэлдэхүүнд Монголын хоол үйлдвэрлэлийн салбарт олон жилийн туршлага, мэргэжлийн ур чадвараараа танигдсан С.Батмөнх буюу Demi, Я.Энхээ, Д.Тайван нар ажиллаж байна.
Тэд оролцогчдын бүтээлийг амт, гүйцэтгэл, бүтээгдэхүүний зохицол, техник ур чадвар, бүтээлч шийдэл зэрэг мэргэжлийн шалгуураар үнэлнэ. Шүүгчдийн өндөр шаардлага дор оролцогчид алдаа бүрээс суралцаж, сорилт бүрд өөрийгөө дахин нээж, шилдгийн төлөө өрсөлдөх юм.
Хоолны урлагаар дамжуулан шинэ соёлыг түгээнэ
“Top Chef Mongolia” нь үзэгчдэд сонирхолтой өрсөлдөөн хүргэхээс гадна мэргэжлийн тогооч нарын хөдөлмөр, гал тогооны арын бодит амьдрал, хоол хийх урлагийн нарийн үйл явцыг харуулахыг зорьж байна.
Түүнчлэн хүнсний түүхий эдийг үр ашигтай ашиглах, хүнсний хог хаягдлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй хэрэглээг дэмжих зэрэг асуудлыг хөндөж, хоол хүнсний талаарх зөв хандлага, соёлыг түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой.
Монголын энтертайнмент үйлдвэрлэлд шинэ жишиг тогтоох төсөл
Олон улсад танигдсан форматыг Монголын онцлог, үндэсний хоолны соёлтой хослуулан бүтээж буй “Top Chef Mongolia” нь мэргэжлийн хоолны урлагийг олон нийтэд ойртуулахын зэрэгцээ Монголын телевизийн контент, продакшны үйлдвэрлэлийн чанар, түвшнийг ахиулахад чиглэж байна.

“Top Chef Mongolia” — ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, тэсвэр хатуужил, шилдгийн төлөөх өрсөлдөөн.




