Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ өөртэй нь холбоотойгоор яригдаж буй мэдээллүүдийг няцааж, эхнээсээ дуустал үндэслэлгүй гүтгэлэг гэж мэдэгдлээ.
Тэрбээр Орона компанид болон бусад хувийн хэвшлийн байгууллагад зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаагүй, тус компанитай холбоотой аливаа гэрээ хэлэлцээрийн үеэр оролцоогүй гэдгээ тодотгов. Уг асуудлыг тухайн үеийн Засгийн газрын бүрэлдэхүүн, тэр дундаа тухайн үеийн Хууль зүйн сайд ахлан шийдвэрлэсэн бөгөөд өөрөө тэр үед холбогдох албан тушаал хашиж байгаагүй хэмээн тайлбарласан юм.
Мөн өөрийг нь зарим компанитай холбон нэр дурдсаныг улс төрийн зорилготой, олон нийтийн анхаарлыг сарниулах гэсэн оролдлого гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Түүний хэлснээр, зохион байгуулалттай бүлэглэл өөрсдөд нь үүссэн асуудлыг дарах, “бүгд адилхан” гэх ойлголтыг нийгэмд төрүүлэхийн тулд ийм мэдээлэл тарааж байна гэв.
Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ төрийн албанд ажилласан хугацаандаа хууль зөрчсөн, ёс зүйн зөрчил гаргасан тохиолдол байхгүй, холбогдох байгууллагуудаар удаа дараа шалгуулсан ч ямар нэгэн зөрчил илрээгүй гэдгийг онцолсон юм.
Түүнчлэн өөрийг нь "Бодь" компанид ажиллаж байсан гэх мэдээллийг няцааж, 2004 онд их сургуулиа төгсөөд Голомт банкны хуулийн хэлтэст мэргэжилтнээр гурван жил ажилласан бөгөөд үүний дараа төрийн албанд шилжин орсон гэдгээ дурдав. Тухайн үед банк санхүүгийн салбар залуу мэргэжилтнүүдийн хувьд хамгийн таатай ажлын нөхцөл, цалинтайд тооцогддог байсан тул мэргэжлийнхээ дагуу ажиллаж байсан хэмээн тайлбарлалаа.





