ШУУРХАЙ МЭДЭЭ:

COP17-ын гурав дахь өдрийн гурван хэлэлцүүлгээр бэлчээрийн мал аж ахуйд тулгарч буй бэрхшээл, сорилтыг даван туулах гарц, шийдлийг танилцууллаа

Улс төр

НҮБ-ын индрийн цаана Монгол Улс

НҮБ-ын индрийн цаана Монгол Улс

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн танхимд сууж, Монгол Улсын төрийн тэргүүн эх орныхоо нэрийн өмнөөс дэлхийн улс орнуудад хандаж үг хэлэхийг дэргэдээс нь сонсоно гэдэг энгийн нэгэн арга хэмжээ үзэж суугаа хэрэг биш ажээ.

Тэр танхимд ормогц хамгийн түрүүнд индэр харагдана. Дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнүүд ээлж дараалан гарч, өөр өөр хэлээр, өөр өөр өнгөөр улс орныхоо байр суурийг илэрхийлнэ. Харин Монгол Улсын нэр дуулдаж, алтан соёмбот төрийн далбаа дэлхийн улс орнуудын далбааны дунд харагдах тэр агшинд хэдэн мянган километрийн цаана үлдсэн эх орон нэг л мэдэхэд тэр танхимд хамт орж ирэх шиг санагдав.

НҮБ-ын индэр бол улс орон өөрийгөө дэлхийд хэрхэн харж, бусдад хэрхэн таниулахыг харуулдаг том тайз. Энд газар нутгийн хэмжээ, хүн амын тоо, эдийн засгийн хүчин чадал төдийлөн харагддаггүй. Харин ямар байр суурьтай улс вэ, дэлхийн асуудалд ямар дуу хоолойгоор оролцож байна вэ, цаашид ямар үүрэг хүлээхийг хүсэж байна вэ гэдэг нь сонсогддог.

Монгол Улс НҮБ-д элссэний 65 жилийн ойн босгон дээр болсон энэ удаагийн Ерөнхий Ассамблейн чуулганд Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцож, олон улсын харилцаанд үүсэж буй сорилт, НҮБ-ын үүрэг, энхийг сахиулах ажиллагаа, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудал, уур амьсгалын өөрчлөлт, боловсрол, эрүүл мэнд, хүнсний хангамж, эмэгтэйчүүд, хүүхдийн асуудлыг хөндсөн.

Илтгэлийг бүхэлд нь авч үзвэл Монгол Улс энэ удаагийн индэр дээр дэлхийд болж буй асуудлуудын талаар байр сууриа илэрхийлэхийн зэрэгцээ өөрийгөө олон улсын хамтын нийгэмлэгт ямар үүрэгтэй оролцогч гэж харж байгаагаа давхар танилцуулсан нь. 

НҮБ-аас юу авах вэ гэхээсээ илүү НҮБ-д юу өгөх вэ?

Монгол Улс НҮБ-ыг зөвхөн улс орнуудад дэмжлэг үзүүлдэг байгууллага гэж харахгүй байгаагаа илэрхийллээ. Харин гишүүн орон бүр өөрийн үүрэг, хариуцлагыг ухамсарлаж, НҮБ-ын үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах ёстой гэсэн санааг илтгэлдээ тодотгосон.

Энэ нь Монгол Улсын гадаад бодлогын олон талт хамтын ажиллагаанд өгч буй ач холбогдолтой шууд холбогдоно. Дэлхий олон тал руу хуваагдаж, улс орнуудын хоорондын үл ойлголцол, геополитикийн зөрчил нэмэгдэж буй энэ үед Монгол Улс улс орнуудын түүх, соёл иргэншил, язгуур эрх ашиг, олон ургалч үзлийг харилцан хүндэтгэж, яриа хэлэлцээгээр асуудлыг шийдвэрлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Тиймээс НҮБ-ын шинэчлэл, байгууллагад итгэх итгэлийг сэргээх тухай санаа нь илтгэлд тусдаа сэдэв биш. Харин олон улсын харилцаанд олон талт тогтолцоог хадгалах гэсэн Монголын байр суурийн үргэлжлэл болж байна. Эндээс Монголын зорилго хаашаа чиглэж байгааг илүү тодорхой харж болно.

2048 он өнөөдрөөс эхэлж байна

Монгол Улс 2048-2049 онд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдохын төлөө нэр дэвшихээ зарласан нь энэ удаагийн оролцооны анхаарал татахуйц хэсэг байв.

Энэ бол ойрын хугацааны дипломат кампанит ажил гэхээсээ илүү өнөөдрөөс эхлүүлж буй урт хугацааны зорилт. Манай улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд сонгогдвол Монголын дуу хоолой дэлхийн энх тайвны асуудалд хүрнэ. Энэ нь дипломат албаны хамгийн өндөр оролцоо бөгөөд улс орон бүрийн амбиц байдаг.

Монгол Улс өнөөг хүртэл Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр ажиллаж үзээгүй 58 улсын нэг. Тиймээс 2048-2049 оны тухай өнөөдөр зарлаж байгаа нь өөрөө урт хугацааны дипломат төлөвлөлтийн тухай өгүүлж байна.

Гэхдээ ийм зорилтыг зөвхөн нэг өгүүлбэрээр зарлахад хангалтгүй. Улс орон ямар үндэслэлээр ийм байр суурь дэвшүүлж байгаагаа харуулах шаардлагатай. Энд Монголын энхийг сахиулах ажиллагаанд оролцож ирсэн туршлагаа хуваалцав.  

Монгол Улсын 23 мянга гаруй цэргийн алба хаагч энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцсон тухай Ерөнхийлөгчийн илтгэлд дурдсан. Өнөөдөр ч Монголын алба хаагчид Хаити дахь олон улсын ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа.

Өөрөөр хэлбэл Монгол Улс “бид Аюулгүйн Зөвлөлд ажиллахыг хүсэж байна” гэж хэлэхийн зэрэгцээ “олон улсын энх тайван, аюулгүй байдалд бидний оролцоо ийм байна” гэсэн өөрийн туршлагыг давхар харуулжээ.

Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй эмэгтэй цэргийн алба хаагчдынхаа эзлэх хувийг 15 хувьд хүргэсэн бөгөөд энэ чиглэлээр цөөн орны нэг гэдгээ онцолсон. Цаашлаад 2027 онд Улаанбаатар хотноо эмэгтэй энхийг сахиулагчдын оролцооны асуудлаар олон улсын бага хурал зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн.

Эндээс Монгол Улсын дипломат оролцоог зөвхөн байр суурь илэрхийлэх түвшинд бус, өөрийн туршлагаа олон улсын хэлэлцүүлгийн нэг хэсэг болгох оролдлого гэж харж болно.

Энх тайван бол Монголын илтгэлийн гол утас

Дэлхийн улс орнуудын цэрэг, армид зарцуулсан хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрсэн тухай Ерөнхийлөгчийн илтгэлд дурдсан нь мөн анхаарал татна. Энэ хэмжээний хөрөнгө уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, боловсрол, эрүүл мэнд, хүнсний хангамж, хүүхэд, эмэгтэйчүүдийн хөгжилд чиглэсэн бол хүн төрөлхтөнд ямар өөрчлөлт авчрах байсан бол гэсэн асуултыг тавьсан.

Энэ бол зөвхөн зэвсэглэлд зарцуулж буй мөнгөний тухай тоон мэдээлэл биш. Монгол Улс дэлхийн асуудлыг ямар өнцгөөс харж байгаагаа илэрхийлсэн улс төр, дипломат мессеж юм.

Зөрчилдөөнийг хүчээр бус дипломат арга, яриа хэлэлцээгээр шийдвэрлэх ёстой гэсэн байр суурь, НҮБ-ын шинэчлэлийн тухай санаа, энхийг сахиулах ажиллагаанд оролцож ирсэн туршлага, Аюулгүйн Зөвлөлийн сонгуульд нэр дэвших зорилго гээд илтгэлийн өөр өөр хэсгүүдийг хооронд нь холбож үзвэл нэг гол санаа давтагдана. Энх тайван.

Тиймээс энх тайван гэдэг нь илтгэлийн эхэнд эсвэл төгсгөлд хэлсэн уриа төдий бус, Монгол Улсын олон улсын оролцоогоо тайлбарлаж буй гол утас болжээ.

Монгол Улс өөрийгөө зөвхөн дипломат улсаар танилцуулсангүй

Харин энэ удаагийн илтгэлийн өөр нэг сонирхолтой тал нь Монгол Улсыг зөвхөн гадаад бодлого, энхийг сахиулах ажиллагаагаар төлөөлүүлээгүй явдал.

Монголын тухай ярихад нүүдлийн соёл, адуу, бэлчээр, мал аж ахуй, түүхийн өв салшгүй холбогдоно. Тиймээс “Дэлхийн адууны өдөр”, “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийг санаачлан НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар батлуулсан тухай Ерөнхийлөгчийн илтгэлд багтжээ.

Мөн Монголын анхны төрт улс болох Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн, Монгол Улс 2026-2029 онд Дэлхийн өвийн хорооны гишүүнээр анх удаа ажиллаж буйг онцолсон байна.

Ингээд харвал Монголын тухай индэр дээр яригдсан дүр зураг нэг өнгөтэй биш болно.Нэг талд нь дэлхийн халуун цэгүүдэд энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж буй монгол цэрэг. Нөгөө талд нь бэлчээрээ түшсэн нүүдлийн малчин. Цаашлаад адуу, нүүдлийн соёл, Хүннүгийн өв, дэлхийн өвд бүртгэгдсэн түүхийн дурсгал.

Эдгээрийг нэг дор авчирч байгаа нь Монгол Улс өөрийн онцлогийг олон улсын хэлэлцүүлгийн гадна бус, дотор нь байрлуулахыг зорьж буйг харуулна.

Түүхийн тухай хэсэгт “Монголын их амар амгалан” гэсэн ойлголт орж ирсэн нь ч үүнтэй холбоотой. Найман зууны тэртээх түүхэн орон зайг өнөөгийн энх тайван, улс хоорондын харилцааны тухай яриатай холбосон нь Монголын түүхийг өнгөрсөн цагийн дурсамж бус, өнөөдрийн дипломат өгүүлэмжийн нэг хэсэг болгон ашигласан хэрэг.

Өөрөөр хэлбэл Монгол Улс “бид ийм түүхтэй” гэж зогсоогүй. Харин “энэ түүхээс өнөөдөр дэлхийд юу хэлж болох вэ” гэсэн асуултад хариулсан. 

Индрээс буусны дараах Монгол

НҮБ-ын танхим дахь Монгол Улсын оролцоог зөвхөн индэр дээр хэлсэн үгээр хязгаарлахад бас учир дутагдалтай.Ерөнхийлөгчийн НҮБ-ын чуулганы үеэр хийсэн уулзалтуудын тухай албан мэдээллүүдэд улс орнуудын төрийн тэргүүнүүдтэй харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцахын зэрэгцээ Монголын төрийн тэргүүний биеийн тамир, хүчний бэлтгэлтэй холбоотой сонирхолтой яриа гарсан тухай дурдагдсан байна. Тухайлбал 100 кг-ыг 20 удаа шахсан тухай нь зарим уулзалтын үеэр анхаарал хандуулж байжээ.

Энэ мэт албан бус жижиг деталь нь төрийн тэргүүнүүдийн хоорондын харилцаа зөвхөн албан ёсны протокол, бичиг баримтаас бүрддэггүйг харуулах нэг дүр зураг болж байна.

Ерөнхийлөгчийн энэ удаагийн НҮБ-ын чуулганд оролцсон оролцоо зөвхөн нэг илтгэлийн тухай биш юм. Монгол Улс дэлхийн улс орнуудын өмнө олон талт хамтын ажиллагааг хамгаалах байр сууриа илэрхийлсэн. Энхийг сахиулах ажиллагаанд оролцож ирсэн туршлагаа харуулжээ.

2048-2049 оны НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэр дэвших урт хугацааны зорилтоо зарлав.

Нөгөө талд нь Монголын нүүдлийн соёл, адуу, бэлчээр, Хүннүгийн өв, “Монголын их амар амгалан” гэх түүхэн ойлголтыг өнөөгийн олон улсын хэлэлцүүлэгтэй холбов. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн танхимд улс орнуудын газар нутгийн хэмжээ харагддаггүй. Харин тэд юу ярьж байгаа нь сонсогддог.

Монгол Улсын хувьд энэ удаагийн индэр дээрээс сонсогдсон гол санаанууд нь энх тайван, олон талт хамтын ажиллагаа, энхийг сахиулах туршлага, нүүдлийн соёл, түүхэн өв, дэлхийн хамтын нийгэмлэгт цаашид гүйцэтгэх үүрэг оролцоо байлаа.

Энэ бүхнийг нэг өгүүлбэрт багтаавал Монгол Улс өөрийгөө жижиг улс гэдгээрээ бус, өөрийн түүх, соёл, туршлага, байр суурьтай, олон улсын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулахыг зорьж буй улс гэдгээр харуулахыг эрмэлзсэн гэж хэлж болно.

НҮБ-ын индэр дээрээс Монголын тухай ярихад зөвхөн өнөөдөр яригдсангүй. Өнгөрсөн түүх нь хамт очжээ. Нүүдлийн соёл нь хамт очжээ.Энхийг сахиулагчид нь хамт очжээ.Адуу, бэлчээр нь хамт очжээ.Хүннүгийн өв нь хамт очжээ.Харин 2048 он хүртэлх Монголын дипломат зорилго ч мөн хамт очжээ.

Тиймээс энэ удаагийн оролцоог нэг өдрийн илтгэлээр хэмжихэд багадна. Энэ бол Монгол Улс дэлхийн тавцанд өөрийгөө хэн гэж харж байна, юуг эрхэмлэж байна, цаашид ямар үүрэгтэй оролцохыг хүсэж байна гэдгээ нэг индэр дээрээс өгүүлсэн дипломат зураглал байлаа.

Чикагод уулзсан Монгол төр ба дэлхийд тархсан монголчууд

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индэр дээрээс дэлхийн улс орнуудад хандаж үг хэлснийхээ дараа Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын Чикаго хотод амьдарч буй монголчуудтай уулзсан нь гадаад айлчлалын өөр нэгэн өнгийг тодотголоо.

Нью-Йоркт дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнүүдийн өмнө Монгол Улсын байр суурийг илэрхийлсэн төрийн тэргүүн энэ удаа дэлхийн томоохон хотуудын нэгэнд амьдарч буй монголчуудынхаа өмнө зогсов.

Энд дипломат протокол, олон улсын харилцааны асуудлаас илүүтэй эх орноосоо алс хол амьдарч буй монголчуудын амьдрал, эх оронтойгоо харилцах харилцаа, төрийн үйлчилгээ, цаашдын оролцооны тухай яриа өрнөв. 

Гэхдээ энэ уулзалтыг зөвхөн албан ёсны яриа, тоо баримтаар хэмжихэд бас учир дутагдалтай. Учир нь Чикагод Ерөнхийлөгчтэй уулзахаар цугласан хүмүүсийн дунд эх орноо санасан монголчууд байлаа.

Монголын тал нутаг, аав ээж, ах дүү, төрөл садан, нутаг ус, монгол хэл, монгол хоол, монгол ахуйгаа санасан хүмүүс эх орныхоо төрийн тэргүүнтэйгээ уулзаж, хэсэгхэн зуур ч гэсэн эх оронтойгоо ойртсон мэт болсон нь уулзалтын хамгийн хүний, хамгийн энгийн атлаа хамгийн хүчтэй дүр зураг байв.

Хэдэн мянган километрийн цаана амьдарч буй монголчуудын хувьд Ерөнхийлөгчийн өмнө зогсох тэр мөч нь зөвхөн төрийн тэргүүнтэй уулзсан хэрэг биш. Эх орноос нь ирсэн нэгэн хүнтэй уулзаж буй мэт, Монголынхоо нэг хэсгийг Чикагод авчирсан мэт мэдрэмж төрүүлсэн нь уулзалтын уур амьсгалаас мэдрэгдсэн. 

Тэдний хувьд Монгол гэдэг зөвхөн газрын зураг дээрх нутаг биш. Хүүхэд нас, аавын гэр, ээжийн цай, төрсөн нутаг, Монгол хэл, Монголын салхи.Тэр бүхнийг санасан сэтгэл нэг дор огшиж, уулзалтын танхимд “элэг дэвтлээ” гэх мэдрэмж төрөх нь аргагүй.

Хилийн чанадад байгаа монголчуудын нэгэн хот

АНУ-д 40 гаруй мянган монгол иргэн амьдарч байгаагаас 20 гаруй мянга нь Чикаго хотод байдаг гэж албан мэдээлэлд дурдсан байна. Өөрөөр хэлбэл Монголын нэг хотын хүн амтай дүйцэх хэмжээний монголчууд дэлхийн өөр нэг хотод амьдарч байна.

Тэдний дунд олон жил АНУ-д ажиллаж, амьдарсан хүмүүс бий. Суралцаж байгаа залуус бий. Бизнес эрхэлж буй хүмүүс бий. Гэр бүлээ тэнд төвхнүүлсэн хүмүүс бий.Харин бүгдийнх нь хувьд нэг зүйл нийтлэг. Тэд Монгол Улсаас хэдэн мянган километрийн зайд амьдарч байгаа ч Монголтой холбоотой хэвээр. Энэ холбоог зөвхөн сэтгэл, дурсамжаар хэмжих боломжгүй.

Чикаго дахь Монголын Консулын газар 2022 оны гуравдугаар сарын 9-нд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 6,000 гаруй хүнд төрийн үйлчилгээ үзүүлээд байгаа бөгөөд АНУ-ын төвийн 15 мужид амьдарч буй монгол иргэдэд үйлчилдэг байна. Гадаадад амьдарч буй иргэний хувьд паспорт, иргэний бүртгэл, нотариатын үйлчилгээ, итгэмжлэл болон бусад төрийн үйлчилгээ авахын тулд заавал эх орон руугаа буцах шаардлагатай болох нь амьдралын бодит хүндрэл.

Тиймээс консулын байгууллага гэдэг зөвхөн төрийн байгууллагын нэг салбар биш. Гадаадад байгаа иргэн болон Монголын төрийн хоорондын шууд холбоос юм.Чикаго дахь консулын газрын үйл ажиллагаа өргөжиж байгаа нь АНУ-д амьдарч буй монголчуудын тоо, хэрэгцээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор төрийн үйлчилгээний хүртээмжийг газар дээр нь хүргэх шаардлага улам нэмэгдсэнийг харуулна.

“Та нар Монголын дипломат ажилтнууд”

Ерөнхийлөгчийн Чикагод хэлсэн нэг санаа үүнээс ч өргөн хүрээтэй.Гадаадад амьдарч буй монголчуудыг зөвхөн эх орноосоо хол байгаа иргэд гэж харах бус, Монголын нэр хүндийг гадаадад авч явдаг хүмүүс гэж тодорхойлсон нь.Тэр утгаараа тэднийг Монголын “дипломат ажилтнууд” хэмээн нэрлэсэн нь анхаарал татна.

Дипломат ажилтан гэхээр бид ихэвчлэн Элчин сайдын яам, консулын газар, төрийн албан тушаалтан гэж ойлгодог. Гэтэл дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй монголчууд өдөр бүр өөрсдийн ажил, харилцаа, мэдлэг, ур чадвараараа Монголын тухай ойлголтыг бий болгож байдаг.

Монгол хүн ямар хүн бэ.Монголын тухай бусад үндэстэн юу гэж ойлгох вэ.Монголын соёл, зан заншил, түүхийг хэн, хэрхэн таниулах вэ зэрэг эдгээрийн хариу зөвхөн төрийн албан ёсны дипломат ажиллагаагаар шийдэгдэхгүй.

Чикагогийн нэгэн эмнэлэгт ажиллаж буй монгол эмч, их сургуульд суралцаж буй монгол оюутан, бизнес эрхэлж буй монгол залуу, үйлдвэрт ажиллаж буй монгол ажилчин, гэр бүлээ авч явж буй ээж, аав хүртэл өөр өөрийн хүрээнд Монголын тухай ойлголтыг бий болгож байдаг. Тиймээс “Монголын дипломат ажилтан” гэх ойлголт нь албан тушаалаас илүү өргөн утгатай болж байна.

Нэг тэрбум ам.долларын цаадах эх орон

Гадаадад байгаа монголчуудын эх орондоо илгээдэг мөнгөн шилжүүлэг жилд ойролцоогоор нэг тэрбум ам.долларт хүрдэг тухай уулзалтын үеэр дурдсан.Тэдний хөдөлмөрийн үр шим Монголын эдийн засагт тодорхой хэмжээгээр орж ирж, тэдний олж авсан мэдлэг, туршлага, харилцаа холбоо цаашид Монголд ашиглагдах боломжтой.

Тиймээс нэг тэрбум ам.долларын мөнгөн шилжүүлгийн цаана зөвхөн мөнгө бус, эх оронтойгоо тасраагүй харилцаа оршиж байна.

Тиймээс Чикагод болсон уулзалтыг зөвхөн төрийн тэргүүн гадаадад суугаа иргэдтэй уулзсан үйл явдал гэж харахаас илүү өргөн хүрээнд ойлгож болно. Монголын төр дэлхийн хаана амьдарч байгаагаас үл хамааран иргэдтэйгээ холбоотой байх шаардлагатай.

Нөгөө талд гадаадад амьдарч буй монголчууд ч эх оронтойгоо зөвхөн шаардлагатай үедээ холбогдох бус, мэдлэг, туршлага, хөрөнгө, харилцаа холбоо, нэр хүндээрээ хувь нэмрээ оруулах боломжтой.

НҮБ-ын танхимд төрийн тэргүүн Монгол Улсын нэрийн өмнөөс үг хэлдэг бол Чикагогийн гудамж, ажлын байр, сургууль, бизнесийн орчинд Монголын тухай ойлголтыг монголчууд өөрсдөө бий болгож байна. Харин Ерөнхийлөгчтэй уулзсан тэр өдөр тэдний хувьд энэ бүхнээс илүү энгийн нэгэн зүйл чухал байсан байж болох юм.

Эх орноосоо алс хол амьдарч буй монголчууд төрийн тэргүүнтэйгээ уулзаж, Монголынхоо тухай ярьж, эх орноо санасан сэтгэлээ хуваалцсан тэр мөч. Заримдаа эх орон гэдэг холын том ойлголт биш. Нэг хүний яриа, нэг дуу, нэг үнэр, нэг дурсамж, эсвэл нутаг нэгтэнтэйгээ уулзах тэрхэн мөчид хамгийн ойрхон ирдэг. Чикагод цугласан монголчуудын хувьд тэр өдөр Монгол Улсын төрийн тэргүүнтэйгээ уулзсан нь хэдэн мянган километрийн зайг хэсэгхэн зуур үгүй хийж, “элэг дэвтээсэн” уулзалт болсон биз ээ.

Нэг нь төрийн индэр дээрээс Монголыг төлөөлнө.
Нөгөө нь дэлхийн хотуудад амьдралаараа Монголыг төлөөлнө.
Харин эх орноо санасан сэтгэл тэднийг хаана ч байсан Монголтой нь холбож байдаг.

 

Ш.АДЪЯАМАА

 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна