ОХУ-ын Засгийн газар ирэх сарын 1-нээс эхлэн автобензиний экспортыг түр хориглох шийдвэр гаргалаа.ОХУ-ын Шадар сайд Новак Эрчим хүчний яаманд тушаал өгч, 2026 оны дөрөвдүгээр сарын 1-ээс долдугаар сарын 31-нийг хүртэл бензин экспортлохыг хориглох тогтоолын төсөл бэлтгүүлсэн байна. Энэ арга хэмжээ нь дотоодын зах зээлд шатахуун хангалттай нийлүүлэх, үнийг тогтворжуулах зорилготой юм.
Новак өнгөрсөн баасан гарагт нефтийн компаниудтай уулзалт хийж, “Дунд болон Ойрхи Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан дэлхийн зах зээл дээр тос, тосон бүтээгдэхүүний үнэ ихээхэн хэлбэлзэж байна” гэж онцолсон байна.
ОХУ өмнө нь ч дотоодын шатахууны үнэ өссөн үед бензин экспортыг удаа дараа түр хориглож байсан. Энэ удаагийн хориг нь голчлон бензин (автобензин)-д хамаарах бөгөөд дизель түлшинд хараахан хамаараагүй байна.
Монгол Улс шатахууны гол нийлүүлэгч нь ОХУ тул энэ шийдвэр импортын үнэд шууд бусаар нөлөөлж, дотоодын шатахууны үнэ өсөх эрсдэлтэй байна.
Тэгвэл уг шийдвэрийн манайд хэрхэн нөлөөлөх талаар АҮЭБЯ-наас тодруулахад, "ОХУ-ын Шадар сайд Александр Новак 2026 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тус улсын бензиний экспортод бүрэн хориг тавих шийдвэрийг албан ёсоор зарлалаа. Монгол Улсын тухайд ОХУ-тай Газрын тосны бүтээгдэхүүний чиглэлээр хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2024 оны 9 дүгээр сард байгуулсан. Иймд, ОХУ-ын автобензиний хоригт Монгол Улс хамаарахгүй" гэлээ.





